Шүүхэд баярлалаа
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Б.Золзаяа шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлэхээр бидэнд хандсан юм. Түүний сэтгэгдлийг сонсохоор цөөн хором ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.
Асуулт: Та өөрийгөө танилцуулна уу?
Хариулт: Намайг Б.Золзаяа гэдэг. Шүүгч Б.Мөнхтуяагийн даргалж, шүүгч Б.Отгонбямба, Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумаас ирж иргэдийн төлөөлөгчөөр оролцлоо.
Асуулт: Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдохоосоо өмнө энэ талаар мэдээлэлтэй байсан уу?
Хариулт: 2021 оны эхэнд надад Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас ил захидал ирснийг манай багийн Засаг дарга надад өгч байсан. Үүнээс өөр мэдээлэлгүй байсан. Нэг өдөр шүүхээс залгаж байна, та шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчөөр сонгогдлоо гээд ярихаар нь иргэдийн төлөөлөгчийн талаар уншиж судалсан. Шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэхэд шүүгчийн туслах Э.Хулан иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг, хүлээх хариуцлага, шүүх хуралдааны дэгийн талаар маш тодорхой мэдээлэл надад өгсөн.
Асуулт: Шүүх хуралдааны өмнөх болон шүүх хуралдааны дараах шүүхийн талаарх таны сэтгэгдэл ямар байна вэ?
Хариулт: Шүүхэд анх удаа ирж байгаа учраас бага зэргийн айдастай, сандарч байсан боловч шүүхийн харуулын цагдаагаас эхлээд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар нь надтай эелдэг сайхан харилцаж байсан учраас шүүхээр үйлчлүүлэхэд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй. Мөн шүүх хуралдааны эхэнд нэхэмжлэгч, хариуцагч нар нь таарамжгүй харилцаатай байсан ч шүүгч нарын зүгээс эвлэрүүлэх арга хэмжээг хангалттай авч, үүний үр дүнд нэхэмжлэгч, хариуцагч нар нь хоорондоо эвлэрч, шүүх хуралдааны дараа гар бариад гарсан нь үнэхээр сайхан санагдсаныг онцолмоор байна. Шүүхийн үйлчилгээ маш сайн байсныг хэлмээр санагдлаа. Шүүх хуралдааны иргэдийн төлөөлөгчөөр оролцсоноор хууль, эрх зүйн тодорхой мэдлэгтэй болж, шүүхийн талаарх бодол минь эерэгээр өөрчлөгдлөө. Танай шүүхийн хамт олонд ажлын амжилт хүсье гэв.
Жич: Иргэдийн төлөөлөгч өөрийн зургаа нийтлэхийг зөвшөөрсөн болно.
Ярилцлага хийсэн: Э.Хулан
Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар