Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Ханнс Зайдел сангийн “Эрх зүйн боловсрол” академитай хамтран захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан "Үндсэн хуулийн эрх зүй: Хүний эрх", “Татварын эрх зүй: Олон улсын татвар, Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа” сэдэвт хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг олгох сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 09-10, 13-14-ний өдөр зохион байгуулж байна.

 

        “Үндсэн хуулийн эрх зүй: Хүний эрх” сургалт Үндсэн хуулийн эрх зүйн үзэл санаа, суурь зарчим, үндсэн зохицуулалт, түүнийг бусад хууль тогтоомжийг тайлбарлан хэрэглэхэд удирдлага болгох онол, арга зүйн мэдлэг чадвар, дадал дүйг эзэмшүүлэх, хүний эрхэм чанарыг хүндэтгэх, хамгаалах мэдрэмжийг төлөвшүүлэх, Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдалд дүн шинжилгээ хийх, нөхцөл байдлын үнэлгээ хийх арга зүйг эзэмшүүлэх, хуулийн хэрэглээ, шүүхийн практикт хүний эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн байдлыг дээрдүүлэх мэдрэмж, хандлага соёлыг төлөвшүүлэх зорилготой.

 

      “Татварын эрх зүй: Олон улсын татвар, Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа”  сургалтын зорилго нь хууль тогтоомжийг нэг мөр хэрэглэн хэвшүүлэх, хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, онол практикийн үндэслэлийн талаарх мэдлэг, олгох, хэлэлцүүлэх,  хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, шүүхийн эрх зүйг хөгжүүлэх, нөхцлийг бүрдүүлэх, эргэлзээтэй, тодорхой бус   тайлбар шаардсан эрх зүйн хэм хэмжээг нэг мөр хэрэглэх, тайлбарлах, мэдлэг, арга зүйг эзэмшүүлэхэд оршино.

 

     Сургалтыг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Ч.Тунгалаг нээж, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн  24 дүгээр зүйлийн 24.1-д “Шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан сургалт зохион байгуулах ...үүрэг бүхий Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Улсын дээд шүүхийн дэргэд ажиллана” хэмээн заасны дагуу Улсын Дээд шүүхийн дэргэд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн  2021 оны 6 дугаар сард байгуулагдсан.

 

   

     Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Хүрээлэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах чиг үүрэг бүхий бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий зөвлөл, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хууль зүйн их дээд сургуулийн төлөөллөөс бүрдсэн орон тооны бус хороотой байна” гэж заасны дагуу Хүрээлэнгийн захирлын тушаалаар сургалтын хөтөлбөр боловсруулах чиг үүрэг бүхий орон тооны бус сургалтын хөтөлбөрийн хороо байгуулсан. Сургалтын хөтөлбөрийн хорооны бүрэлдэхүүнийг танилцуулж, хорооны ажиллах журамд заасны дагуу хороо шүүгчдийн сургалтын хэтийн төлөвлөгөө, жил бүрийн сургалтын төлөвлөгөөг батлах үүрэгтэй. Орон тооны бус хороо шүүгчдийн сургалтын эрэлт хэрэгцээг тодорхойлж, шүүгчдээс гаргасан саналын үндсэн дээр 2021 оны сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хуульд заасны дагуу Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ерөнхий зөвлөлтэй хамтран баталсан. Энэхүү хөтөлбөрийн агуулгаар мэргэшсэн албан хаагч болон эрдэмтэн багш, сургагч багш нар сургалтыг удирдан явуулах болно.

     Та бүхэнд сургалтандаа идэвхтэй оролцож,  оюуны мэдлэгээ тэлж, хөгжихэд энэ сургалт чухал хувь нэмэр болох болно” гээд  сургалтын үйл ажиллагаа албан ёсоор нээснийг мэдэгдэв.   

 

     

     Сургалтын эхний өдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан  “Үндсэн хуулийн эрх зүй: Хүний эрх” сэдвийн хүрээнд “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө ба Ковид 19”, “Тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөө  ба Ковид 19”, “Чөлөөтэй зорчих эрх  ба Ковид 19” дэд сэдвүүдээр, Татварын ерөнхий газрын Олон улсын татварын газрын дарга Л.Мөнхтуул “Олон улсын татвар” сэдвийн хүрээнд  “Татварын багц хуулиар зохицуулсан олон улсын татварын харилцааны шинэлэг ойлголт, эх сурвалж” сэдвээр сургалтыг тус тус удирдан явуулах юм.

 

   

     Сургалтын хоёр дахь өдөр  буюу 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор С.Болормаа “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга: Үзэл баримтлал, онцлог”, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Ч.Тунгалаг “Шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал, журмын танилцуулга”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн, С.Мөнхжаргал нар  “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр сургалтыг тус тус удирдан явуулах юм.

      Сургалтын хоёрдугаар ээлж 2021 оны 12 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд үргэлжлэх юм.

      Сургалтад нийт захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны 77 шүүгч оролцож байна.

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР