ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛАН “ШҮҮХЭД МЭДҮҮЛЭХ ЭРХ”-ИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.
Энэ өдрийг угтан Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн шүүхийн тамгын газраас Дархан-Уул аймаг дахь тэргэнцэртэй иргэдийн холбоо, Дархан-Уул аймаг Хараагүйчүүдийн холбооны салбар зөвлөлтэй хамтран “Шүүхэд мэдүүлэх эрх”-ийн талаар мэдээлэл өгч уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.
Уг өдөрлөгөөр Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар, Тамгын газрын дарга Д.Ууганбаяр, мөн Шүүхийн тамгын газрын урилгаар Дархан-Уул аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга өмгөөлөгч Б.Чинбаатар нар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, шүүхийн бүтэц зохион байгуулалт, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа, шүүхэд мэдүүлэх эрхийн талаар мэдээлэл өгч харилцан ярилцлаа.
Уулзалт ярилцлагад Дархан-Уул аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж тулгуур эрхтний бэрхшээлтэй буюу тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй болон сул харааны бэрхшээлтэй нийт 20 гаруй хүн хамрагдлаа. Эдгээр иргэд өөрт тулгардаг хүндрэл бэрхшээл болон тулгамдаж буй асуудлын талаар ярилаа.
Тэдгээрээс дурдвал: Дархан-Уул аймаг Хараагүйчүүдийн холбооны салбар зөвлөлийн дарга Д.Хишигт: Энэхүү уулзалт ярилцлагыг зохион байгуулж буйд талархсанаа илэрхийлээд цаашид харааны бэрхшээлтэй болон сул харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “чиглүүлэх зам”-ыг шүүхийн иргэдийн үйлчилгээ авдаг хэсэгт байрлуулах талаар санал гаргасныг тус шүүхийн тамгын газрын дарга Д.Ууганбаяр хүлээн авч, шүүхийн байрны нэвтрэх хэсэг болон нэг давхрын иргэдэд үйлчлэх нээлттэй шүүхийн хэсэгт “чиглүүлэх зам”-ыг хийж, харааны бэрхшээлтэй иргэд чөлөөтэй нэвтэрч, үйлчлүүлэх боломжоор хангахаа илэрхийллээ.
Уулзалт ярилцлагын төгсгөлд шүүх хуралдааны танхимд суурилуулсан техник төхөөрөмж болон шүүхийн иргэдэд үйлчлэх нээлттэй танхим, шүүх хуралдааны явцыг дамжуулж буй байдал, иргэд киоск төхөөрөмжөөс мэдээлэл хэрхэн авах талаар танилцууллаа. Мөн энэ жил хэвлэн гаргасан шүүхэд мэдүүлэх эрхийн брайл гарын авлага, шүүхийн байрны үүдний хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настан, хүүхэд саадгүй нэвтрэх налуу зам бүхий шат зэргийг танилцууллаа.
Уулзалт ярилцлагад хамрагдсан иргэд уг уулзалт ярилцлага үр дүнтэй боллоо. Шүүхийн үйлчилгээ, түүнд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, шүүх өөрчлөгдсөн эсэх, шүүхэд итгэх итгэл улам бүр дээшиллээ. Шүүхийн тамгын газрын хамт олонд талархсанаа илэрхийлж ажлын амжилт хүслээ.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР