Шүүгчдийн зөвлөгөөнд мэдээлэл өглөө
Нийт шүүгчийн чуулганы 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ыг баталсантай холбогдуулан Хөвсгөл аймгийн анхан болон давж заалдах шатны шүүх тус бүр дээрх журамд нийцүүлэн нарийвчилсан журмыг боловсруулж Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж баталлаа.
Ингэснээр нэгдсэн системд сугалааны дарааллаар томилогдсон шүүгчдийн нэрсийг байршуулж тойрог үүсгэх, шүүхэд ирсэн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг нэгдсэн системээс шүүгчид хуваарилахдаа урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлын аргаар хуваарилах тохиргоог шинэчлэх ажлыг хийж байгаа юм.
Түүнчлэн Шүүхийн тамгын газраас “Иргэн-2014” нэгдсэн систем, Эвлэрүүлэн зуучлах программын хэрэгжилтийг шалгаж, шалгалтын илтгэх хуудсыг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж, илтгэх хуудсанд дурдсан алдаа зөрчлийг арилгах, цаашид анхаарах асуудлын талаар Ерөнхий шүүгч, Тамгын газрын даргын зүгээс албан хаагч нарт зааварчилгаа, мэдээлэл өглөө.
Үүний зэрэгцээ байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын биелэлтийг дүгнэн ярилцаж, нэн шаардлагатай хийх ажлуудыг дэд төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх чиглэлийг Тамгын газрын даргын зүгээс албан хаагч нарт үүрэг болголоо.
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар