ШҮҮХЭД БАЯРЛАЛАА 

 

            Иргэн Б.Насанбат шүүхэд баярласан сэтгэлээ илэрхийлэв.

 

            Та анх ямар асуудлаар шүүхэд хандсан бэ?

            Б.Насанбат миний бие Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нь Монгол Улсад мөрдөгдөж буй хууль дүрмийг буруугаар ашиглаж иргэн миний илгээмжийг гацаасан хууль бус үйлдлийг хүчингүй болгуулахаар 2020 оны 3 дугаар сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

 

            Захиргааны байгууллага таны ямар эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан бэ?

Тус Гаалийн газар нь нэр бүхий олон хүмүүсийн тоонд миний нэрийг оруулж, хамаатуулж улмаар улс хоорондын илгээмжээр миний хувь хүний нэр дээр ирсэн илгээмжийг саатуулсан. Саатуулсан шалтгааныг хүлээн зөвшөөрөөгүй тул хуулийн байгууллагад хандсан.

 

     Та өмнө нь шүүхээр үйлчлүүлж байсан уу? Танд шүүхээр үйлчлүүлэхэд хүндрэл бэрхшээл тулгарч байв уу?

Миний бие шүүхийн байгууллагад анх удаа хандаж үзсэн. Хууль зүйн ямар нэгэн мэдлэг байхгүй, жирийн иргэн хүн. Тийм ч учраас шүүхэд өргөдөл бичихээс эхлээд мэдэхгүй чадахгүй зүйл их байсан. Гэвч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн вэйб сайт болон шүүхийн үйлчилгээний төвд байршуулсан гарын авлага, мэдээллээс өөрт хэрэгтэй мэдээллээ авч байсан тул харьцангуй хялбар байсан. Цаашдаа над шиг хууль зүйн мэдлэггүй хүмүүст зориулсан гарын авлага, мэдээ мэдээллийг бэлтгэж баяжилтыг хийх шаардлагатай гэж бодож байна.  

 

     Таны анх шүүхээр үйлчлүүлэх үеийн сэтгэгдэл ямар байсан бэ?

Мэдээж миний бие зөвлөгөө авах үүднээс олон хүнтэй уулзаж ярилцсан. Ихэнх нь “Төрийн байгууллагатай шүүхээр маргах нь үр дүн муутай байдаг” гэж хэлж байсан. Тийм ч учраас надад олон эргэлзээ төрж байсан боловч би Монгол Улсын ямар нэг хуулийг зөрчөөгүй гэсэн итгэлтэй байсан тул шүүх үнэн зөв шийдвэрлэж өгнө гэдэгт бат итгэж сэтгэл шулуудсан.

 

 

 

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц шүүхийн үйл ажиллагааны талаар сэтгэгдлээ хуваалцаач. Шүүх таны эрх ашгийг сэргээж чадсан уу?

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хүлээн авч 2020 оны 5 дугаар сард захиргааны хэрэг үүссэн. Тухайн үед дэлхийд “Ковид-19” цар тахал тархаж манай улс өндөржүүлсэн бэлэн байдалд байсан боловч анхан шатны шүүхийн үйл ажиллагаагаа сайн зохион байгуулж миний нэхэмжлэлийг богино хугацаанд шийдвэрлэж, надад өөрийгөө хамгаалах бүрэн боломж гаргаж өгсөн.  Анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сард хэргийг хянан хэлэлцэж миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Хариуцагч байгууллагаас давж заалдах журмаар гомдол гаргасны дагуу 2020 оны 8 дугаар сард Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж анхан шатны шүүхийн шийдвэрээс эсрэг шийдвэр гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Миний бие Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргасныг Монгол Улсын Дээд шүүх хүлээн авч 2020 оны 12 дугаар сард онлайн хэлбэрээр шүүх хуралдаан зохион байгуулж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Тухайн үед Монгол Улсад “Ковид-19” цар тахал тархаж хөл хорио тогтоосон хэцүү цаг үе тохиосон ч Улсын дээд шүүх шүүх хуралдааныг онлайнаар зохион байгуулсан нь их онцлогтой байсан. Ингээд гурван шатны шүүхээр хянагдаж миний эрх ашиг сэргэсэнд баяртай байдаг. Миний төдийгүй энэ асуудалд шууд бусаар хамрагдсан 80 гаран иргэдийн асуудал шийдэгдэж эрх ашиг нь хамгаалагдсан.

 

     Танд өөр нэмж хэлэх сэтгэгдэл байна уу?

Миний хэрэг нэг талаасаа амархан мэт боловч нөгөө талаасаа ээдрээтэй, хууль зүйн зохицуулалт муутай, янз бүрийн байдлаар тайлбарлаж болох төвөгтэй  асуудлыг шүүх байгууллага тал бүрээс нь маш сайн  шинжлэн судалж, хууль эрх зүйн учир шалтгааныг  олж төрийн байгууллага болох Гаалийн газрын хууль бус ажиллагаанд зөв дүгнэлт өгч хүчингүй болгосонд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон бусад хуулийн байгууллагад гүн талархлаа дахин илэрхийлж байна.

Та бүхний шударга ёсны төлөөх үйлсэд өндөр амжилт хүсье.

 

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар