Мэдээллийн www.zuv.mn сайтад 2021.08.05-ны өдөр “Согтуу залууст зодуулсан иргэн О-д мэдэгдэлгүйгээр шүүх хурлыг нь хийжээ” ярилцлага гарчээ. Иргэн О ярилцлагадаа “Шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй, шүүгчийн туслах зүй бусаар харьцсан” зэрэг ор үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд өглөө.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь шүүгдэгч Э-д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хэргийг 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 09.30 минутад хянан шийдвэрлэхээр товлон зарласан.

 

 Шүүх хуралдааны товыг хохирогч О-д 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн. Гэвч хохирогч товлосон цагт ирээгүй, шүүх хохирогчийг 1 цаг хүлээсний эцэст шүүх хуралдааныг товлосон цагаас хоцорч эхлүүлсэн.

 

Шүүх хэргийн оролцогчдын аль нэг талд давуу эрх олгох ёсгүй учир хохирогч О-г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзсэн.

 

Хохирогч шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

Шүүхээс ямар нэгэн байдлаар хохирогчийн шүүх хуралд оролцох эрхийг хязгаарлаагүй болно.

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар