Хүндэтгэлийн шүүх хуралдаан зохион байгуулав
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 14 дугаар зарлигаар чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэртэй гарах болсонтой холбогдуулан тус шүүхийн Тамгын газраас “Хүндэтгэлийн шүүх хуралдаан”-ыг зохион байгуулав.
Хүндэтгэлийн шүүх хуралдаанд ахмад шүүгч Л.Баяраа, С.Нолхоосүрэн, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа, Дархан-уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн хамт олон, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Болорзул, шүүгч Л.Соёлмаагийн хүүхдүүд болон Сэлэнгэ аймаг дахь шүүхийн хамт олон оролцов.
Шүүгч Л.Соёлмаа нь 1990-1992 онд Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт “Гэрээ эрхийн мэргэжилтэн, хуулийн зөвлөгч”, 1993-2001 онд Сэлэнгэ аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд “Өмгөөлөгч, Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга”-аар ажиллаж байгаад 2001 оны 10 дугаар 19-ний өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 69 дугаар зарлигаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхэд шүүгчээр, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 199 дугаар зарлигаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 20 дугаар шүүхийн шүүгчээр, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 111 дугаар зарлигаар Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж ирсэн бөгөөд улсад 34 жил ажилласнаас шүүгчээр 18 жил ажилласан байна.
Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга М.Нямсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгон Л.Соёлмаа шүүгчид өөрийнх нь хэрэглэж байсан шүүгчийн өмсгөлийг хүндэтгэлтэйгээр дурсгал болгон хадгалуулав.
Шүүгч Л.Соёлмаа нь шүүн таслах ажлын баялаг туршлагаасаа хуваалцаж, шинэ залуу шүүгч, ажилтнуудад үнэт сургаалаа хайрлаж, дурсгалын зураг авахуулснаар хүндэтгэлийн шүүх хуралдаан өндөрлөлөө.
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, болон бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж шүүгчийн ёс зүйг чанд сахиж, хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн танд чин сэтгэлээсээ баярлаж байгаа илэрхийлье.
Таны цагаан мөртэй хүсэл бүхэн биелэх болтугай.
Танд болон танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР