ШҮҮГЧ Т.Мөнх-эрдэнэ шүүгчийн ТАНГАРГАА ӨРГӨЛӨӨ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 151 дүгээр зарлигаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Тэрбишийн Мөнх-Эрдэнэ томилогдсон бөгөөд шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журам”-д заасны дагуу тус шүүхийн байранд зохион байгуулагдлаа.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Одмаа удирдаж, Тамгын газрын дарга Н.Батхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсан бөгөөд шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, захиргааны ажилтнууд болон иргэдийн төлөөлөл оролцож баяр хүргэлээ.
Мөн уг ёслолын ажиллагааны үеэр тус шүүхийн ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Д.Халиуна шинээр томилогдсон шүүгч Т.Мөнх-Эрдэнэд баяр хүргэж гаргасан шийдвэр нь мэргэн байхыг ерөөв.
Ийнхүү Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийг 38.1-т зааснаар шүүгч Т.Мөнх-Эрдэнийн шүүгчийн бүрэн эрх нь тангараг өргөснөөр эхэлж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар