Иргэн М.Аманкелди би 1961 онд төрсөн. 1979 онд бүрэн дунд сургуулиа төгсөж тухай ондоо Эдийн засгийн боловсрол олгох техникумд дэвшин суралцаж байсан ба суралцаж байх хугацаанд эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хугацаат цэргийн алба хаасан. Сургуулиа төгсөж ирээд ажлын анхны гараагаа 1985 онд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Худалдаа бэлтгэлийн анги /цаашид ХБА гэх/-д Эдийн засагчаар эхлүүлсэн ба дараа нь тус ХБА-ийн даргаар нийт 9 гаруй жил ажиллаж байсан.
1991 оноос тус ХБА нь Эд хэрэглээний хороо, Уужим ББХК гэсэн нэрээр өөрчлөгдөн зохион байгуулагдаж байсан бөгөөд тус байгууллагуудын бичиг баримт архивын материал нь аймгийн төв архив шилжүүлэгдэн хадгалагдаагүйн улмаас дээрх газруудад 1985-1994 он хүртэлх ажилласан жилүүдийг маань Нийгмийн даатгалын байгууллагаас тогтоох боломжгүй гэсэн.
Шүүхээс тухайн үед ХБА-ийн захиргаанаас бусад байгууллагад илгээсэн албан бичиг, миний гаргаж байсан тушаал, ХБА болон миний авч байсан сайшаалын үнэмлэх, Баярын бичиг мөн тухайн үед сонин хэвлэлд гарж байсан ярилцлага, нийтлүүлсэн материалууд болон хамт ажиллаж байсан нөхөд зэрэг хүмүүсийн мэдүүлгийг үндэслэж миний дээрх ажилласан хугацааг минь үнэн зөвөөр маш шуурхай хугацаанд бүрэн шийдвэрлэж өгсөн шүүгч А.Жархынгүл, шүүгчийн туслах Е.Халибек болон шүүхийн хамт олондоо ажлын амжилт хүсэж баярлаж талархсанаа илэрхийлж байна. Сайн үйлс бүхэн өлзийтэй сай өдлөн дээшлэх болтугай гэж тус шүүхийн хамт олон иргэн М.Аманкелдиэсээ талархал ирүүлжээ.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР