“Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем”-ийн
ашиглалтад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ
Шүүхийн тамгын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/13 дугаар тушаалаар тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тов, тойм, явц, хэргийн оролцогчийн болон бусад мэдээллийг “Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем”-д бүрэн, зөв бүртгэж байгаа эсэхэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх комисс томилогдон ажиллалаа.
2021 оны 1 дүгээр улиралд явагдсан шүүх хуралдааны бүртгэлийг хамруулан шалгасан ба хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг илтгэх хуудсаар өнөөдөр /2021.04.02/ комиссын дарга, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баасанцэрэн шүүгч, ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.
Шүүхийн тамгын газрын дарга Ж.Ганболд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, цаашид үйл ажиллагаандаа хэвшүүлэх асуудлыг хэрэгжүүлэх, ажил сайжруулах чиглэлээр холбогдох ажилтнуудад хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг хангах, иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим систем ашиглан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдээллээр иргэд олон нийтийг түргэн шуурхай хангах зорилгоор “Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем” буюу www.live.shuukh.mn цахим хуудсыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар 2020 оны 9 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа ба тус системээс шүүх хуралдааны тов, тойм, явц зэрэг шүүх хуралдаантай холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой байдаг юм.
Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар