ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ АХМАД НАСТАН

 Б.ДУЛМААД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

 

      Олон Улсын Эмэгтэйчүүдийн баяр "Мартын 8"-ныг тохиолдуулан, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр 2009-2014 онд сонгогдон ажиллаж байсан ахмад настан Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн иргэн Бөхийн Дулмаад Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2021.03.08-ны өдөр хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзлаа. Ахмад настан Б.Дулмаад Ховд аймгийн шүүхийн "Хүндэт тэмдэг" гардуулж, шүүхийн түүхт ойн номыг дурсгаж, баяр хүргэлээ. Иргэн Б.Дулмаа нь 1963-1967 онд Ховд аймгийн Намын Хороонд бичиг хэргийн эрхлэгч, 1967- 1981 онд Тээврийн Удирдах Газарт бичиг хэргийн эрхлэгч, нягтлан бодогч, 1981-1991 онд Худалдааны Трестэд худалдагчаар ажиллаж байсан, 1983 онд Худалдааны Техникум төгссөн, нягтлан бодогч мэргэжилтэй, улс нийгэмдээ 40 гаруй жил хөдөлмөр, зүтгэлээ зориулан ажиллаж, хөдөлмөрлөж байгаа, 8 хүүхэд төрүүлж, өсгөсөн, Алдарт эхийн 1, 2-р зэргийн Одонтой ачлалт ижий билээ.

 

   

     Шүүхийн Иргэдийн Төлөөлөгчдийн Улсын Зөвөлгөөнд Ховд аймгаас сонгогдон, 2016 онд төлөөлөгчөөр оролцож байсан, улс нийгэмдээ үлгэр дууриалал болсон, олон түмнийхээ төлөө сэтгэл зүрхээ зориулан өнөө ч хөдөлмөрлөсөөр яваа бүтээлч, ажилсаг, манлайлагч иргэн бөгөөд Жаргалант сумын Рашаант багийн 36 айлын 3 орон сууцны СӨХ-ийг хариуцсан зохион байгуулагч иргэнээр сүүлийн 20 гаруй жил цалин хөлсгүй ч өөрийн түмнээ гэх сайхан сэтгэл, идэвх санаачилгаараа манлайлан яваа бид бүхний хүндэтгэлийг хүлээсэн, улс, аймагтаа нэр хүндтэй хийсэн ажилтай, хэлэх үгтэй өндөр настан бөлгөө. Урт удаан насалж, хишиг буян, ажил үйлс нь өвлөгдөн, үнэт зүйл болон үргэлжид сайн сайхан бүхний буян хишиг болон арвижиж байх болтугай.

 

 

ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР