Монголын хуульчдын холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс шүүхийн Тамгын газартай хамтран Хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Хуульчдын холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн зохицуулагч Б.Батсайхан удирдаж 2020 оны хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах М.Дамбийнямыг хуульчийн тангараг өргүүлж, гэрчилгээг гардуулав.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд урилгаар шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга, ажилтнууд, хуулийн байгууллагын төлөөлөл болоод шинэ хуульчийн гэр бүлийн гишүүд оролцлоо.
Хуульч М.Дамбийням нь хүний эрх, иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хүндлэн дээдэлж, хуульчийн үүрэг, мэргэжлийн дүрмээ чанд сахиж, шударга ёсны манаанд хоёргүй сэтгэлээр зогсож чадахаа төр, ард түмэндээ батлан тангараглалаа.
Уг ёслолын арга хэмжээн дээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нар нь Монголын хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдсаныг Хуульчдын холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн зохицуулагч Б.Батсайхан гардуулж баяр хүргэлээ.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР