“ШҮҮХЭД БАЯРЛАЛАА”

     Дэлхий нийтийг хамарсан "Коронавирус” (COVID-19)-ын халдварт өвчний тархалттай холбогдуулан болзошгүй аюулаас сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор манай улс “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэн билээ. Монгол Улсын Шүүхийн захиргааны тухай хуульд “Шүүхийн захиргаа нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг шийдвэрлэхэд арга зүй, мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй байна” гэж заасан байдаг. Үүний дагуу манай шүүх нь нийслэл, орон нутгийн шүүхүүдтэй цахим хурлын төхөөрөмжөөр холбогдон шүүх хуралдаан оролцох боломжийг ханган, шүүхийн үйлчилгээг байгууллага, иргэдэд ойртуулан ажиллаж байна. Ингэснээр шүүхийн хувьд мэдээллийн технологийн дэвшлийг амжилттай хэрэгжүүлж зайнаас шүүх хуралдаан хийх нь иргэдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

      Манай шүүхэд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцох иргэн Г.Тунгалагтуул цахим хурлын төхөөрөмж ашиглан оролцох хүсэлт гаргасны дагуу тус шүүх хуралдаанд цахимаар оролцууллаа.

     Цахим хурлын төхөөрөмж ашиглан анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэн Г.Тунгалагтуултай Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Хулганаа ярилцаж сэтгэгдлийг сонслоо.

 

   

      МЛМ С.Х: Шүүх хуралдаанд цахим хурлын төхөөрөмжөөр өөрийн байгаа газрын шүүхээс оролцох нь  биечлэн оролцохтой адилаар өөрийн эрх, ашиг сонирхлоо хамгаалах бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж чадаж байна уу? ямар нэгэн хүндрэл бэрхшээл тулгарсан уу ?

      Иргэн Г.Т: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд Дархан-Уул аймгийн шүүхээс цахим хурлын төхөөрөмж ашиглан оролцлоо. Ингэж оролцсон нь биечлэн оролцохтой адилаар өөрийн эрх хэмжээг бүрэн хэрэгжүүлэн ажиллах боломжийг бүрдүүлсэн. Шинэ коронавирусын дэгдэлттэй холбогдуулж замын хөдөлгөөн хаасантай холбогдуулан шүүх хуралдаанд оролцоход эрүүл мэнд, зардал мөнгө болон цаг хугацааны хувьд алдагдалтай байдаг. Цахим хурлын төхөөрөмж ашигласан нь дээрх хүндрэл бэрхшээлүүдийг бүрэн шийдвэрлэсэн байна.

     МЛМ С.Х:Тухайн онлайн төхөөрөмжөөр шүүх хуралдаанд оролцохын ач холбогдол, давуу тал? Иргэн Г.Т: Сая хэлсэнчлэн цаг хугацаа, зардал хэмнэх ач холбогдолтой юм. Шүүх хуралдаанд онлайн хэлбэрээр оролцох боломжтой болсон нь маш их ач холбогдол бүхий том дэвшилт, давуу тал юм.

        МЛМ С.Х: Шүүхийн тамгын газраас шүүх хуралдааны оролцогчийн хүсэлтээр цахим хурлын төхөөрөмж ашиглан бүх шүүхүүдтэй холбогдож ажиллаж байгаа бөгөөд уг ажиллагааны талаар өөрийн сэтгэгдлээ хуваалцана уу?

       Иргэн Г.Т: Техник технологийн хөгжлийг шүүхийн шинэчлэлд ашиглаж буй сонгодог хэлбэр бөгөөд Шүүх шинэчлэгдэж байгаа нэг хэлбэр гэж үзэж байна. Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хамт олонд маш их баярлалаа, цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье гэв.

         МЛМ С.Х: Танд баярлалаа.

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР