“Алтан гадас” одонгоор шагнагдлаа

      Монгол Улсын Шүүх эрх мэдлийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасныг үнэлж Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр зарлигаар Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Лувсангийн Эрдэнэбатыг төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнасныг 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн морин цагт гардууллаа.

 

     

     Шүүгч Л.Эрдэнэбат нь Цагдаагийн дээд сургууль, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгсөж, Хууль зүйн шинжлэх ухааны магистрын зэргийг хамгаалсан байна.

 

   

      Тэрээр Онцгой байдлын газарт гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхэлж шийдвэр гүйцэтгэгч, Сум дундын шүүхэд нарийн бичгийн дарга, Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслах, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан. Одоо Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Улсад нийтдээ 29 жил, үүнээс шүүхийн байгууллагад тасралтгүй 27 жил, шүүгчээр 13 дахь жилдээ ажиллаж байна.  

 

   

    Шүүгч Л.Эрдэнэбат нь шүүн таслах ажилдаа чадварлаг, аливаа ажилд санаачилгатай ханддаг, албан хэрэг хөтлөлтийн соёлыг сайтар эзэмшсэн, хувийн зохион байгуулалт сайтай, хамт олноо манлайлан удирдаж байнга дэмжиж тусалдаг, хамт олны дунд нэр хүндтэй тэргүүний шүүгч юм.

 

     

       Мөн Шагнал гардуулах ажиллагаанд хүрэлцэн ирсэн Хөвсгөл аймаг дахь Шүүхийн ахмадын салбар зөвлөлийн дарга ахмад шүүгч Б.Нансалмаад Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын зүгээс “Монголын шүүхийн ахмадын холбоо”-ны тэргүүний салбар зөвлөлөөр шалгарсанд талархал илэрхийлж баяр хүргэлээ.

Монгол төрийн шүүгчийн өлмий бат, мэлмий хурц байх болтугай.

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ,

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР