Хууль зүй дотоод хэргийн сайд, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны А/40, 133 тоот хамтарсан тушаалаар баталсан “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилт мөн Цагдаагийн газартай байгуулсан 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн талаар Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газартай хамтарсан уулзалт-ярилцлага зохион байгуулж, 2021 онд хамтран ажиллах төлөвлөгөө баталлаа.

 

 

Уулзалтад Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар, Шүүхийн Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхзориг, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дашням, тус газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ц.Жамбалдорж, эрэн сурвалжлах хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Билгүүн нар оролцсон бөгөөд 2020 оны хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн талаар ярилцаж цаашид энэ чиглэлээр зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах орчин үеийн тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, харуул цагдаагийн үүрэг гүйцэтгэх ажлын байрны нөхцөлийг дээшлүүлэх, ажлын зохион байгуулалт, ажлын шуурхай уялдаа холбоо, хамтран зохион байгуулах сургалт, дадлага зэрэг асуудлаар харилцан ярилцлаа.

 

 

Уулзалтын төгсгөлд Шүүхийн тамгын газрын даргын зүгээс шүүхийн байранд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн ажилтнууд иргэд, хэргийн оролцогчтой харилцахдаа анхаарах асуудал, албадан ирүүлэх болон эрэн сурвалжлуулахаар цагдаагийн газарт хүргүүлсэн шүүхийн шийдвэр, захирамжийн биелэлтийг эрчимжүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэлээ.

 

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР