Татварын хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хууль хэрэглээ, ерөнхий ойлголтын талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, бусад шүүгчид, мэргэжилтэн, шүүгчийн туслах нартай Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Д.Мөнхтамир, татварын улсын ахлах  байцаагч Д.Мөнхтуул, татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Б.Баттогтох, Х.Эрдэнэцогт нар оролцож   санал  солилцох уулзалт хийлээ.

 

 

   

    Уулзалт хурлыг НЗХАШШ-н Ерөнхий шүүгч Ц. Батсүрэн нээж үг хэллээ. Мөн сүүлийн 5 жилийн байдлаар буюу татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжихээс өмнөх хугацаанд 547 нэхэмжлэл хүлээн авсан ба 2020.01.01 өдрөөс хойш 111 нэхэмжлэл хүлээн авч нийт 658 татварын маргаантай хэрэгт шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрлэсэн ба  цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа талаар дурдлаа.

 

 

   

     Тус Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  С.Одмаа шүүхээр шийдсэн хэргийн талаарх мэдээллийг  тоон үзүүлэлт болон маргаан хүлээн авч шийдвэрлэсэн байдлаар танилцуулж татварын маргаантай хэрэгт хийгдэх ажиллагааны талаар тайлбар танилцуулгыг хийлээ.

 

 

     

      Мөн ТЕГ-н татварын улсын ахлах байцаагч Д. Мөнхтуул татварын хуулийн шинэчилсэн найруулгын талаар болон  гол өөрчлөлт орсон татварын ерөнхий хууль, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн талаар мэдээлэл өгч ажиллаа.

      Уулзалтын эцэст Татварын ерөнхий газрын хуулийн хэрэгжилтийг хангах газрын хамт олны зүгээс татварын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл номыг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад гардуулснаар өндөрлөлөө.

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ