2020.10.19
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн үйлчилгээнд баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн иргэн Б.Срайвын сэтгэгдлийг хүргүүлж байна.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн иргэн Божых овогт Срайв миний бие аймгийн төвийн “Тирлик” захад авто сэлбэгийн наймаа эрхэлдэг бизнесмен хүн юм. Бидний хувьд хэрэглэгч ихтэй тул заримдаа иргэдэд бараагаа зээлээр өгөх тохиолдол гардаг. Иргэдийн зарим нь хугацаандаа зээлээр авсан барааны төлбөрийг төлдөг боловч зарим нь зээлээ төлөхөөс татгалзах, утсаа хаагаад алга болох, уулзахаас зугтдаг гээд наймаа хийдэг хүний хувьд олон ч бэрхшээл тохиолддог. Энэ байдлын улмаас 2017 онд хүмүүсээс авах зээлээ төлүүлэхээр шүүхэд хандахаар ирж, мэдээлэл лавлагаанаас зөвлөгөө авахад “Шүүхэд 2014 оноос эхлэн эвлэрүүлэх үйл ажиллагаа явуулдаг тогтолцоо бий болсон, та эхлээд маргаанаа эвлэрүүлэн зуучлагчаар шийдвэрлүүлэх боломжтой” гэж зөвлөсөн. Түүний дагуу эвлэрүүлэн зуучлагчид хандсан юм. Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нь маргааныг шуурхай шийдвэрлэдэг бөгөөд захад наймаа хийдэг бид нар шиг хүмүүсийн хувьд их тохиромжтой байна. Учир нь цагтаа баригдахгүй /олон цагаар хугацаа алдаж хүлээхгүй/, зардал хэмнэсэн, хоёр талыг уулзуулж байгаад маргаанаа шийдвэрлэхэд хүмүүсийн хоорондох өмнөх харилцаа нь хэвээр үлддэг, маргаанаа эвийн аргаар шийдвэрлэдэг онцлогтой. Мөн уригдсан тал нь ч гэсэн шүүхээс дуудахад шууд төлбөрөө төлөхийг тэр дор нь зөвшөөрдөг, дахин дахин ирэх шаардлагагүй гээд иргэдэд зориулагдсан давуу тал их байна. Миний хувьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2017 оноос хойш 5 дахь удаагаа хандлаа. Бүх маргааныг амжилттай, шуурхай шийдвэрлэж өгсөнд баярлаж байна. Хамгийн сүүлийн маргаанаа 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шийдвэрлүүлж дуусгаад энэхүү бидний төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа эвлэрүүлэн зуучлагч С.Еркин, түүний туслах ажилтан К.Нурсауле нарт баярласан сэтгэгдлээ илэрхийлэхээр Та бүхэнд хандаж байна. Шүүхийг иргэдэд ойртуулсан, үйлчилгээг нь шуурхай болгосон энэхүү эвлэрүүлэн зуучлагчийн үйлчилгээ нь шүүхийн шинэтгэлийн хүрээнд бий болсон том үр дүн юм байна. Зөвхөн би биш “Тирлик” захад надтай хамт наймаа хийдэг олон хүн тус эвлэрүүлэн зуучлагчаар маргаанаа шийдвэрлүүлдэг бөгөөд тэд бүгд сэтгэл хангалуун, шүүхийн үйлчилгээнд баярлаж явдгийг хэлмээр байна.
Та бүхний ажлаас өндөр амжилт хүсье.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн иргэн Б.Срайв
Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газар