Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй ‘’Хуульд зааснаар болон зөрчлийн улмаас үүсэх үүрэг ба иргэний хуулийн хэрэглээ” сэдэвт II-р бүсийн сургалт Дундговь аймгийн Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулагдаж 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эхэллээ.

 

     
    Сургалтыг Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн нээж үг хэлсэн бөгөөд сургалтад оролцогчдод амжилт хүссэн юм.

     Тус  сургалтад Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн нийт 30 шүүгч оролцох бөгөөд сургалт 2020 оны 10 дугаар сарын 12-ноос 14-ний өдрийг дуустал 3 өдөр үргэлжилнэ.

 

   

      Сургалтыг сургагч багш Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр, Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг нар удирдан явуулах бөгөөд ‘’Дундын өмчөөс үүсэх үүрэг’’, ‘’Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх’’, ‘’Үндэслэлгүйгээр хөрөнгөжих’’, ‘’Гэм хор учруулснаас үүсэх үүрэг’’, ‘’Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах’’, ‘’Эдийн бус гэм хорыг арилгах’’ сэдвүүдээр хичээл зааж, шүүгч нарын дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

     Сургалтын гол зорилго нь хуульд зааснаар болон зөрчлийн улмаас үүсэх үүрэг ба иргэний хуулийн хэрэглээ, түүнийг тайлбарлан хэрэглэх онол, арга зүйн мэдлэгийг нэмэгдүүлж, шүүхийн шийдвэр бичих ур чадварыг дээшлүүлэх юм. 

 

 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР