“Нээлттэй нийгэм форум” ТББ-ийн эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа,  Б.Хишигсайхан нар /2020-9-21/ тус аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд “Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг явуулж, тухайн байгууллагаас хэрэгжүүлж буй Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд явуулсан үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцууллаа.

“Нээлттэй нийгэм форум” ТББ нь 1996 онд анх Монголын Нээлттэй нийгэм хүрээлэн нэртэй байгуулагдаж, 2004 оноос хойш бодлого боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бодлогын холбогдолтой мэдээллийг түргэн шуурхай авах боломжийг өргөн олон нийтэд олгох, бодлогын судалгаа шинжилгээний чанарыг дээшлүүлэхэд дөхөм үзүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа ба хэлэлцүүлгийн үеэр шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүхийн шинэтгэлд ажиглалт мониторинг хийх, бодлогын шинжилгээ зөвлөмж гаргах, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх, техникийн туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд ийнхүү хэлэлцүүлэг зохион байгуулж байгаагаа илэрхийллээ.

 

 

Уг уулзалт, хэлэлцүүлгийн үеэр “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын талаар, тус байгууллагаас нээлттэй зарладаг Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ төслийн талаар ойлголт мэдээлэл өгч, шүүгч, захиргааны ажилчидтай санал солилцов.

Энэ үеэр “Нээлттэй нийгэм форум” ТББ-ийн төлөөлөгчид Баян-Өлгий аймаг дахь давах болон анхан шатны шүүхүүдийн шийдвэрүүдэд хөндлөнгийн, шүүмжлэлт дүн шинжилгээ хийхэд хамтран ажиллах талаар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Өмирбекийн гаргасан саналыг судалж, хамтран ажиллахаа илэрхийлэн, тус байгууллагаас гаргасан судалгааны ном, товхимол, бусад бүтээлүүдийг тус шүүхийн номын санд хандивлалаа.

 

 

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газар