Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас шүүхийн үйлчилгээг алслагдсан дүүргийн иргэдэд шуурхай, ил тод, нээлттэй хүргэх зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Шүүгч Л.Нарангэрэл, шүүгчийн туслах Д.Амарзаяа, эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр, Т.Чимэд, жолооч Ч.Баярсайхан нарын бүрэлдэхүүнтэй Багахангай дүүрэгт нүүдэллэн ажиллалаа.
Нүүдэллэн ажиллах үеэрээ Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 14.00 цагт товлосон шүүх хуралдааныг Багахангай дүүргийн Иргэний танхимд явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй 7 хэргийн зохигчидтой уулзаж, нэхэмжлэлийн хувь гардуулах, хариу тайлбар авах, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материал зэргийг танилцуулах ажиллагаануудыг хийсэн бөгөөд Эвлэрүүлэн зуучлагчаас 9 өргөдлийн талуудтай уулзалт зохион байгуулж, эвлэрлийг амжилттай дуусгавар болгосон байна.
Мөн иргэдэд шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдол хэрхэн гаргах талаар болон бусад зөвлөгөө, мэдээллийг хүргэж, нэхэмжлэл, өргөдөл, гомдлыг газар дээр нь хүлээн авах ажлыг зохион байгууллаа.
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР