Өмгөөлөгч Ө.Ганзориг: Миний бие Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр 6 дахь жилдээ ажиллаж байна. Ерөнхийдөө иргэний эрх зүйн маргаанаар дагнан өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг.
Иргэн н.Галбадрахаас н.Энхжаргалд холбогдуулан "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах"-аар нэхэмжлэлийн шаардлагыг анх Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Миний бие энэхүү иргэний хэрэгт н.Энхжаргалын хүсэлтээр хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр оролцсон.
Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор өнөөдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж ерөнхийдөө анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон шийдвэр гаргасан. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан зөв шийдвэр, магадлал болсон тул тухайн иргэний хэргийг шударгаар, хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийдвэрлэсэн эрхэм шүүх бүрэлдэхүүнд баярлаж талархсанаа илэрхийлье гэв.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР