Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Монголын Хуульчдын Холбоонд хамтран ажиллах хүсэлт тавьсны үр дүнд   Ховд аймгийн шүүхийн байранд “ХУУЛЬЧИЙН ӨРӨӨ” шинээр байгуулж, үйл ажиллагаагаа эхэллээ.

 

   

      “ХУУЛЬЧИЙН ӨРӨӨ”-ний нээлтийн ёслолын арга хэмжээ 2020.09.21-ний өдөр Ховд аймгийн шүүхийн байранд болж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Туяа, тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, урилгаар Монголын Хуульчдын Холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах, Ховд аймгийн Прокурорын Газрын Ерөнхий Прокурор Б.Гантулга, Ховд аймаг дахь Хуульчдын Холбооны салбарын зохицуулагч, хуульч, өмгөөлөгч Ц.Энхжаргал нарын хуулийн байгууллагын удирдлага, төлөөлөл, шүүхийн шүүгч, ажилтнууд оролцлоо.  

 

     

       Шүүх хуульчийн өрөөтэй болсноор шүүхээр үйлчлүүлэгч  иргэд тухтай, зориулалтын орчинд мэргэжлийн хуульчдаас хуульд заасан эрхээ хангуулан, шүүхийн шатанд өмгөөлөгч, зохигчидтой уулзах, зөвлөгөө авах боломж бүрдэх бөгөөд нийт хуульчид шүүхийн байранд хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулах, шүүхийн шат бүхэнд үйлчлүүлэгчтэйгээ шуурхай харилцах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаан хойшлох, хэрэг хянан шийдвэрлэлтийн хугацааг багасгах зэрэг чухал ач холбогдолтой юм.

       Шүүхийн Тамгын газраас өрөө тасалгаагаар ханган, засвар, тохижилт хийж бэлэн болгож, холбогдох захиалгыг өгч ажилласны дагуу Монголын Хуульчдын холбоо хамтын ажиллагааны хүрээнд ширээ, сандал, ханын шүүгээ, дэлгэц болон бусад нэн хэрэгцээт зүйлсийн санхүүжилтийг гурван сая төгрөгөөр хийж, цаашид энэхүү өрөөг зориулалтын дагуу ашиглах талаар “Санамж бичиг” байгуулан, хамтран ажиллахаар Шүүхийн Тамгын газар, Хуульчдын Холбоо, аймгийн Салбар хороо зөвшилцөн, ажиллаж байна.

 

                       Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар