Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Цагдаагийн газартай хамтран 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр эрүүгийн төлөөлөгч, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад зориулж “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ, хэрэгжилт” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Тус хамтарсан сургалтыг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Өмирбек “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим: Гэрчээс мэдүүлэг авах ажиллагаа”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг хангах нь” сэдвээр, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат “Эрүүгийн болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад анхаарах асуудал, хуулийн хэрэгжилт” сэдвээр, шүүгч Т.Болормаа “Эрүүгийн болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй зөрчил, хуулийг нэг мөр хэрэглэх нь” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, удирдан явууллаа.
Хамтарсан сургалтад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын удирдах албан тушаалтнууд, нийт мөрдөгч, эрүүгийн төлөөлөгч, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх эрх бүхий сум орон нутгийн нийт албан хаагч хамрагдаж, эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэглээ, нэг мөр хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцож, идэвхтэй оролцлоо.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР