Шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан
сургалт зохион байгуулав
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтаа Баянзүрх дүүргээс эхлүүлээ. Сургалтыг шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга С.Одмаа, Хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Э.Азбаяр нар удирдан явуулав.
Тус шүүх нь 2020 онд нийт 767 иргэдийн төлөөлөгчийн нэрсийг батлуулсан бөгөөд үүнээс 127 нь Баянзүрх дүүргээс сонгогдсон иргэдийн төлөөлөгч юм. Хууль сурталчлах ажлын хүрээнд эдгээр сонгогдсон иргэдийн төлөөлөгчдөд урилга хүргүүлж, 2 удаагийн сургалтаар 40 орчим иргэдийн төлөөлөгчид Захиргааны шүүхийн онцлог, Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн бэ, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, эрх, үүрэг, ач холбогдол, иргэдийн төлөөлөгчид олгох цалин хөлсний талаар мэдээлэл өглөө.
Мөн сургалтын үеэр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд хууль сурталчлах өдөрлөг зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга С.Одмаа, Хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Э.Азбаяр, шүүгчийн туслах Ц.Ариунтамир, мэдээллийн технологийн мэргэжилтэн М.Зоригтзаяа нар иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, Захиргааны ерөнхий хуулийн танилцуулга бүхий 7 төрлийн брошур, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга тарааж ажиллалаа.
Дашрамд дуулгахад, Тус шүүхийн тамгын газраас дэлхий нийтэд тархсан цар тахлын /Ковид өвчний/ улмаас сургалт хийх боломжгүй байсан тул тус шүүхийн зүгээс нэрс нь батлагдсан 767 иргэдийн төлөөлөгчид ил захидал, иргэдийн төлөөлөгчийн танилцуулга мэдээлэл хүргүүлээд байсан юм.