Орон нутгийн шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, шүүхийн ерөнхий зөвлөлийн тайлан танилцуулах, шүүгч, шүүхийн захиргаа, үйлчилгээний албан хаагчидтай уулзах ажлын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяраар ахлуулсан, Ажлын албаны тамгын газрын дарга С.Билгүүн, Хууль зүйн асуудал хариуцсан референт Ц.Ижилмөрөн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн шүүхүүд, шүүхийн тамгын газарт ажиллалаа.
Уулзалт, ярилцлагын үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шүүхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын эрх ашгийг хамгаалж ажиллах талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс авч хэрэгжүүлж буй ажил, цаашид хэрэгжүүлэх бодлого, баримтлах чиглэлийг танилцууллаа. Мөн шүүхийн шүүгч, албан хаагчдын ажлын байр, шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, санал хүсэлтийг сонслоо.
Уулзалт, ярилцлагын дараа шүүхийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байгаа шүүгч, албан хаагчдын төлөөлөл болсон Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэгийг Хууль зүйн албаны “Тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, шүүгчийн туслах Д.Сэржмядагийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр, эвлэрүүлэн зуучлагч П.Бямбацэцэг, нярав М.Хишигдорж нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Өргөмжлөл”-өөр тус тус шагнагдсаныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр гардуулан өглөө.
Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар