Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг нар 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх, шүүхийн тамгын газарт ажиллалаа.
Тус ажлын хэсэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийж хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулаад, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шүүхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын эрх ашгийг хамгаалж ажиллах талаар шүүгч, ажилтнуудтай санал солилцлоо. Мөн шүүхийн байр, шүүгч, ажилтнуудын ажиллаж байгаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал, хүсэлтийг хүлээн авлаа.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тус шүүхийн шүүгч Ц.Дагиймааг Хууль зүйн албаны "Хүндэт жуух бичиг”-ээр, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч Г.Энх-Амгаланг Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнагдсаныг орон нутагт ажиллах үеэрээ гардуулж баяр хүргэлээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар