Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн шүүхүүд, шүүхийн тамгын газарт ажиллалаа.

Тус ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийж хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулаад, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шүүхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй шуурхай хүргэх, шүүх хуралдаан хойшлолтыг бууруулах, улмаар шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах талаар шүүгч, ажилтнуудтай санал солилцлоо. Мөн шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, шүүгч, ажилтнуудын ажиллаж байгаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал, хүсэлтийг авч, тодорхой асуудлуудыг Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний ажлын албанд уламжлан шийдвэрлүүлэх арга хэмжээ авахаа илэрхийлэв.  

 

 

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал, шүүгч Д.Цэцэгээ нарыг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар, Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа нарыг Хууль зүйн албаны “Хүндэт жуух бичиг”-ээр, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйлчлэгч С.Мядагсүрэнг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Бямбасүрэнг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Өргөмжлөл”-өөр тус тус шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан орон нутагт ажиллах үеэрээ гардуулж баяр хүргэлээ.