Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лодойн Цэрэндулам нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэртээ гарах болсонтой холбогдуулан Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нийт шүүгч, ажилтнуудын хүндэтгэлийн хуралдаан зохион байгууллаа.

Хүндэтгэлийн хуралдаан Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Марина нээснээр эхэлж, танхимд төрийн дуулал эгшиглэн Тамгын газрын дарга Б.Баярсайхан Л.Цэрэндулам шүүгчид өөрийнх нь хэрэглэж байсан шүүгчийн өмсгөл, алхыг дурсгал болгонхадгалуулав.
 

Шүүгч Л.Цэрэндулам нь 1997 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2000 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхэд туслах шүүгчээр, 2000 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймаг дахь сум дундын 28 дугаар шүүхийн шүүгчээр, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр тус тус тасралтгүй 23 жил ажилласан бөгөөд 2005, 2007, 2009, 2012, 2013, 2015, 2018, 2019 онуудад хамт олноо хошуучлан ажиллаж “Оны тэргүүний шүүгч”-ээр, 2006 онд “Шүүхийн ерөнхий зөвлөл”-ийн “Хүндэт тэмдэг”-ээр, 2010 онд Ардын хувьсгалын 90 жилийн хүндэт медалиар, 2011 онд Хэнтий аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр, 2012 онд Хуульч эмэгтэйчүүдийн холбооны “Тэргүүний гишүүн”-ээр, 2013 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар, 2016 онд “Хан–Хэнтийн” алдартан цол тэмдгээр, 2019 онд “Шүүхийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр, 2019 онд алтан гадас одонгоор тус тус шагнагдаж байсан.

 

Шүүгч Л.Цэрэндулам нь шүүн таслах ажлын баялаг туршлагаасаа хуваалцаж, шинэ залуу шүүгч, ажилтнуудад үнэт сургаалаа хайрласан юм.


Хэнтий аймгийн шүүхийн нийт шүүгчид ажилтнуудын зүгээс тандаа эрүүл энх урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, дурсгалын зураг авахуулснаар хүндэтгэлийн хуралдаан өндөрлөлөө.