ШИНЭ ШҮҮГЧ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 42  дугаар зарлигаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Батсүхийн Болормаагийн шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр тус шүүхийн хуралдааны танхимд боллоо.

 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар шүүгч томилогдсон өдрөөсөө хойш 30 хоногийн дотор хамт олон болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийн өмнө тангарах өргөх журамтай ба тангараг өргөх ёслолын ажиллагаанд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, сум дундын эрүүгийн хэргийн болон иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, орон нутгийн хэвлэл мэдээлэл, иргэдийн төлөөллүүд оролцов.

 

 

Шүүгч Б.Болормаа хуульд зааснаар “Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ.” гэж Төрийн сүлдэнд тангараг өргөсөн бөгөөд тэрээр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, Увс аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхэд 2001-2015 онд шүүгчийн туслахаар, 2016 оноос 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажилласан туршлагатай хуульч юм.

 

 

Шинээр томилогдсон шүүгч Б.Болормаад шүүхийн хамт олныг төлөөлж Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Өмирбек, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Дауренбек нар үг хэлж,  шүүгчийн нэн хариуцлагатай, нэр хүндтэй албан тушаалд томилогдон, ард түмэндээ тангараг өргөж буй явдалд баяр хүргэн, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалах үйл хэрэгт нь өндөр амжилт хүсэж, дурсгалын зүйл гардууллаа.

 

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР