Шүүгч Х.Нямдэлгэр тангараг өргөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар зарлигаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Хонгорын Нямдэлгэрийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 51 дүгээр зарлигаар Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Нанзадын Дамдинсүрэн, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лхагвадуламын Батбаатар нарыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томиллоо.
Шинээр томилогдсон шүүгч Х.Нямдэлгэрийн тангараг өргөх ёслол “Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журам”-ын дагуу болж, Тамгын газрын дарга Н.Батхүү удирдан явуулж, зарлигийг уншиж сонордуулсан юм.
Уг арга хэмжээний үеэр тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн шинээр томилогдсон шүүгч нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүсээд “Ган үзэг нь бөх, гаргасан шийдвэр бүр нь мэргэн байхыг ерөөв.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, Тамгын газрын дарга Н.Батхүү, шүүгч нар болон шүүхийн захиргааны ажилтнуудын төлөөлөл оролцлоо.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар