Баян-өлгий аймгийн шүүх байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан тус аймгийн нийтийн төв номын санд хууль зүйн номын фонд байгуулж, 1100 гаруй ном хандивлалаа

 

Баян-Өлгий аймагт шүүх байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан тус шүүхийн шүүгчдийн санаачилга, хуульчдын дэмжлэгээр Б.Ахтаны нэрэмжит нийтийн төв номын санд хууль зүйн чиглэлийн номын фонд байгуулах аяныг өнгөрсөн оны 2 дугаар сараас өрнүүлсэн билээ. /https://montsame.mn/mn/read/180234/

 

 

Өнөөдөр /2020-05-04/ Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Өмирбек тус аймгийн шүүгч, хуульчдыг төлөөлөн аймгийнхаа Б.Ахтаны нэрэмжит нийтийн төв номын санд хууль зүйн номын фонд байгуулахад нь дэмжлэг үзүүлж нийт 1091 ширхэг хууль зүйн ном, сурах бичиг, гарын авлага хүлээлгэн өглөө.

 

 

Энэ үеэр шүүгч С.Өмирбек Баян-Өлгий аймгийн шүүх байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд шүүгчдийн санаачилгаар зохион байгуулагдсан уг аянд нэгдэж, хувиасаа ном хандивлан, хууль зүйн номын фонд байгуулахад дэмжлэг үзүүлсэн нийт шүүгч, хуульчдад болон Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч асан, хуульч Ж.Хунан, тус холбооны орон нутаг хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Санчир, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга асан, шүүхийн ахмад ажилтан Д.Энхбаатар болон түүний гэр бүл, хүүхдүүдэд нь шүүхийн хамт олон, тус аймгийн хуульчид, нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийллээ.

 

 

Номын сангийн захирал Д.Алтынгүл “хууль зүйн номын фонд байгуулах аян өрнүүлэн номын сангийн нэг жилд худалдаж авах номын фондтой тэнцэх хэмжээний ном, зохиол хандивласан, уг аяныг санаачилсан Ерөнхий шүүгч С.Өмирбек болон шүүхийн хамт олонд, түүнчлэн Баян-Өлгий аймгийн олон мянган уншигчдад оюуны хөрөнгө оруулалт хийж, хууль зүйн боловсрол, мэдлэгээ тэлэхэд нь тусалсан хуульч Ж.Хунан, шүүхийн ахмад ажилтан Д.Энхбаатар, аймгийн шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат, энэ ажлыг зохион байгуулсан Хуульчдын холбооны салбарын зохицуулагч Б.Раушан, аймгийн нийт хуульчдад баярласнаа илэрхийлж” талархлын бичиг гардуулав.

 

 

Тус аймгийн хуульчид аймгийн нийтийн төв номын сангийн хууль зүйн чиглэлийн номын фондын сан хөмрөгийг 5000 номтой болгохыг зорьж байгаа бөгөөд энэ удаад хандивласан 1100 гаруй ном, сурах бичгүүдэд хуульчдын дунд өргөн хэрэглэгддэг, цаг үеийн болон онолын ач холбогдлоо алдаагүй, хуулийн ангийн оюутнууд, хуульчийн сонгон шалгаруулалтад бэлтгэж буй эрх зүйчдийн судалбал зохих шинэ бүтээл, эх сурвалжууд багтжээ.

 

 

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

 

Шүүхийн тамгын газар,

Монголын хуульчдын холбооны Баян-өлгий аймаг дахь салбар

 

2020-05-04