Корона вирусээс урьдчилан сэргийлэх
арга хэмжээ авч ажиллаж байна

 

Олон улсад “COVID-19” халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж Монгол Улсын хэмжээнд онцгой нөхцөл байдал үүсч Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор тодорхой хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой Төв аймаг дахь шүүхийн тамгын газраас доорх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Шүүхийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлж буй иргэдийг харуулын цагдаа ирсэн дарааллаар нь бүртгэж нэг цэгийн үйлчилгээний төвд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулан бүртгүүлсэн дарааллын дагуу шүүхийн үйлчилгээг үзүүлж, иргэдэд шүүхийн байрны коридор болон гадна талбайд бусдаас 2 метрээс илүү зайд байхыг зөвлөж, нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхийн цахим шуудан /[email protected]/-гаар хүлээж авах боломжтой талаар мэдээлэл өгч ажиллаж байна.

Мөн Төв аймгийн Цагдаагийн газар, Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран ажиллаж Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ шийдвэрлэх шүүх хуралдааныг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр онлайн хэлбэрээр зохион байгуулж эхлээд байна. Тодруулбал зөрчилд холбогдогч нарыг Цагдаагийн газрын байрнаас, яллагдагч нарыг цагдан хорих байрнаас тус тус тусгай өрөөнөөс шүүх хуралдаанд онлайнаар оролцуулж зөрчлийн хэрэг болон таслан сэргийлэх арга хэмжээний саналыг хянан шийдвэрлэж байна.

Түүнчлэн шүүгч, ажилтнуудыг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор амны хаалт, дархлаа сэргээх бэлдмэл /салимон/, гар ариутгагч /санитол/ зэргээр ханган, шүүхийн байранд нэгдсэн ариутгал хийлгэж,  зориулалтын ариутгалын бодис /жавлень/, спирттэй цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийж байна.

Цаашид алслагдсан сумаас шүүх хуралдаанд оролцуулах иргэдийн төлөөлөгчийг мөн онлайнаар оролцуулахаар төлөвлөж байна.

Төв аймаг дахь шүүхийн тамгын газар