Шүүхийн ерөнхий зөвлөлөөс \"Шүүгчийн ажлын ачаалал тодорхойлох судалгааны тайлан” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.10.15) зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж, ШЕЗ-ийн гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар болон шүүгчид, судалгааны багийн хуульчид, судлаачид зэрэг нийт 60 хүн оролцсон юм.
Хэлэлцүүлгийг нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа үг хэлсэн. Тэрбээр \"Нийгмийн хөгжлийг дагаад шүүгч нарын ажлын ачаалал, шүүн таслах ажиллагааны тоо нэмэгдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, эрүүгийн хууль, зөрчлийн хууль, зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг хэд хэдэн хууль шинээр болон шинэчлэгдэн батлагдсан. Үүнээс шалтгаалж эрүүгийн хэрэгт шүүн таслах ажиллагаа явуулдаг шүүгч нарын ажлын ачаалал 61 хувиар нэмэгдсэн байна. Иргэний шүүх дээр мөн ажлын ачаалал 11 хувиар өссөн судалгааны дүн гарсан. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор шүүгч нарыг томилолтоор ажиллуулах, шилжүүлэн томилох зэрэг арга хэмжээг авч байна. Гэхдээ бүтэц, орон тооны хүрэлцээгүй байдлыг нэг тийш шийдэхгүй бол цаашид төвөгтэй байдал үүснэ” гэлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд \"Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэн”-гийн хуульч, судлаач Г.Цагаанбаяр шүүгчийн ажлын ачаалал тодорхойлох судалгааг шүүгч нарт товч танилцуулав. Тэрбээр ”Нийслэлийн 6 дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгч 310 хэргийг шийдвэрлэхэд 323 өдөр зарцуулж байна. Энэ бол шүүгч нарын ажлын ачаалал харьцангуй их байгааг илтгэж байгаа юм. Нийслэлийн 6 дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүгчийн орон тоог 31-ээр нэмэх шаардлагатай гэсэн тооцоолол судалгааны үр дүнд гарсан. Орон тоог нэмж байж шүүгч нарын ажлын ачаалал тэнцвэржих болно” гэсэн юм.
Хэлэлцүүлгийн хүрээнд \"Шүүхийн ажлын ачаалал тодорхойлох судалгааны бодит үр дүн”, \"Шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх боломж шийдэл”, \"Судалгааны үр дүнд үндэслэн авч хэрэгжүүлэх арга хэмжээ” гэсэн үндсэн 3 сэдвийг хөндөн шүүгчид, судлаачид байр сууриа илэрхийлж санал солилцсон. Мөн орон нутгийн шүүхүүд онлайнаар холбогдож хэлэлцүүлэгт оролцсон юм.
Хэлэлцүүлэгт оролцсон шүүгч нарын зүгээс шүүгчийн туслах, шүүхийн нарийн бичгийн дарга нарын цалин, нийгмийн баталгааг хангахад анхаарахгүй бол боловсон хүчний хомсдолд орох, үүнийг дагаад ажлын ачаалал нэмэгдэх асуудал үүсч буйг хэлж байлаа.
МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш, доктор, судалгааны багийн ахлагч М.Батбаатар \"Шүүгчийн ажлын ачаалал тодорхойлох судалгааг бодитой болгох үүднээс түүвэрлэлтийн зарчмыг барьсан. Мөн шүүгч нартай судлаачид маань ярилцлага хийсэн. Шүүгч нарт ярих зүйл их байсан учир зарим тохиолдолд 3-5 цаг ярилцаж судалгаа авсан. Хөндлөнгийн нүдээр харахад энэ судалгаа сайн хийгдсэн” хэмээн ажлаа тайлагнасан юм.
Шүүгчийн ажлын ачаалал тодорхойлох судалгааны талаар шүүгч нар сонирхсон асуултаа судлаачдаас асууж, хариулт авсны дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж үг хэлэв. Тэрбээр \"Улаанбаатар хотын шүүхүүдэд ачаалал өндөр байна. Шүүгчийн ажлын ачааллыг бууруулах бололцоо байгаа боловч төр үүнийг ашиглахгүй байна. Монгол Улсад 700 гаруй шүүгчийн орон тоо байх ёстой. Гэвч өнөөдөр 500 гаруй шүүгч ажиллаж байна. Шүүгчийн орон тоо тогтоосон хэмжээнд хүрэхгүй байгаа нь төсвийн хомсдолтой холбоотой. Үүнээс болж шүүгч нар ачаалалтай ажиллаж, шүүхийн үйлчилгээнд доголдол гарч байна. Энэ бол Монголын төрийн шийдэх ёстой асуудал юм. Хоёрдугаарт иргэний хэргийг шүүхээр шийдэх хугацааг 93 хоног гэж хуулиар заасан байдаг. Ийм богино хугацаанд иргэний хэргийг шийддэг шүүхтэй орон дэлхийд ганцхан Монгол байж магадгүй. Ихэнх улс орон хугацаагүй эсвэл 2-3 жилийн хугацаатай байдаг. Шүүгч нарыг хуулийн хугацаагаар шахаж байгаа нь ачаалал нэмэгдэх бас нэг шалтгаан юм. Шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд бид дуу хоолойгоо гаргахгүй бол энэ хүнд байдал ойрын жилүүдэд үргэлжлэх төлөвтэй байна. Цаашид шүүгчийн ажлын ачаалал тодорхойлох судалгааны дүнг үндэслэн, ачаалалд тулгуурлан хүний нөөцөө тогтоох хэрэгтэй. Өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан Ажлын алба, судалгааны багийнханд болон цаг гарган хүрэлцэн ирсэн шүүгч нартаа баярлалаа” гэв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар \"Шүүгчийн ажлын ачаалал тодорхойлох судалгааны тайлан”-тай танилцаж, нээлттэй хэлэлцүүлэгт цаг зав гарган оролцсон шүүгч, судлаач нарт талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүссэнээр хэлэлцүүлэг өндөрлөв.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс