
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит 38 дугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
- Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх /шүүгч албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан/ заалтыг үндэслэн чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
- “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнийг бэлтгэх” Ажлын хэсгээс хийж гүйцэтгэсэн ажил болон үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа. Тус Ажлын хэсэг нь “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн”-ий сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж хуульд заасан шаардлага хангасан 42 иргэнийг 2026 оны 10 дугаар сарын 07-25-ны өдрүүдэд сургалтад хамруулсан ба оролцогчдоос шалгалт авч амжилттай төгссөн 34 оролцогчид гэрчилгээ гардуулав.Цаашид “Нөхцөл байдлыг шинжлэн судлах, тайлан боловсруулах арга зүйн практик сургалт”, “Сургагч багш бэлтгэх сургалт”, “Гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүний талаар судалгаа хийж санал дүгнэлт гаргах аргачлал”, “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний тайлан гаргах аргачлал”-ын талаарх сургалтуудыг зохион байгуулахаар Ажлын хэсгээс төлөвлөж байна.
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүхийн хэргийн хөдөлгөөний индексийн журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн, зарим асуудлыг тодруулахаар хойшлуулав.
- Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэх саналыг танилцуулав.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ