Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хууль болон холбогдох хууль тогтоомжийн шинэ зохицуулалтын хэрэгжилтийг хангах, гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг мэргэшсэн арга зүйгээр хэрэгжүүлэх зорилгоор “Эвлэрүүлэн зуучлагчийг мэргэшүүлэх сургалт”-ыг 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эхлүүллээ.

Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Даваажав нээж хэлсэн үгэндээ “Гэр бүлийн маргаан бол зөвхөн эрх зүйн зөрчил, хэрэг маргаан бус, хүний хувь заяа, сэтгэл зүй, үр хүүхдийн ирээдүйтэй салшгүй холбоотой онцгой харилцаа юм. Ийм маргаанд хэн нь ялж, хэн нь ялагдсанаас илүүтэй хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хамгаалагдсан, гэр бүлийн харилцаанд ямар үр дагавар үлдсэн нь чухал билээ. Энэ утгаараа та бүхний мэргэжлийн мэдлэг, ур чадвар, ёс зүй, хүнийг ойлгох ухаан онцгой ач холбогдолтой” хэмээн онцоллоо.
Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн туслах, мөн орон нутгийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагч, туслахууд танхимын болон цахим хэлбэрээр хамрагдаж байна.

Түүнчлэн Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Болормаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн даргаар ажиллах хугацаанд хэрэгжүүлсэн ажил, үр дүнг танилцуулж, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, түүний хэрэгжилтийн онцлогийн талаар мэдээлэл өглөө.
УИХ-аас “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” бие даасан хууль баталж, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь гэр бүл, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах, гэр бүлийн маргааныг эв зүйгээр шийдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгосон чухал шинэчлэл юм.

Өнөөдрийн сургалтаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг, Сэлэнгэ аймаг дахь давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, өмгөөлөгч С.Базарсад нар хууль тогтоомжийн шинэ зохицуулалт, хэрэглээний онцлог, эвлэрүүлэн зуучлах арга зүй, хэлэлцээр хийх болон харилцааны ур чадварын талаар туршлага хуваалцаж, оролцогчдын практик мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх юм.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ