Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит 25 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1.Анхан шатны зарим шүүхийн шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоож хүргүүлэв.
2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 144 дүгээр тогтоолоор зарласан шүүгч шилжүүлэн томилуулах орон тооны зарын дагуу ирүүлсэн 6 шүүгчийн шилжих хүсэлт, зөвшөөрлийг хэлэлцэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайханыг тус тус шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
3.Шүүгчийн сонгон шалгаруулалт зарлаж нөхөгдөөгүй, шүүгч шилжүүлэн томилуулах зар байршуулж хүсэлт, зөвшөөрөл ирүүлээгүй орон тоо болон өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан шүүгчийн орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарлалаа. Нэр дэвшигчдийн өргөдлийг 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09.00 цагаас 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд тус тус бүртгэнэ.
4.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 91 дүгээр тогтоолоор зарласан давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын бүртгэл 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дууссан. Тус сонгон шалгаруулалтаар зарласан орон тоонд нэрээ дэвшүүлсэн хуульч, шүүгчдийн баримт материалыг нягтлан шалгах хугацаанд Үндэсний их баяр наадам тохиож, Засгийн газрын 2026 оны 270 дугаар тогтоолоор 2026 оны 07 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд ажилтан, албан хаагчдыг амраах шийдвэр гарсантай холбогдуулан нэр дэвшигчийн баримт материалыг нягтлан шалгах хугацааг 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэлээ.
5.Сургалтын хөтөлбөрийн хорооны ажиллах журмын төслийг танилцуулав.
6.“Шүүх эрх мэдэл” эмхэтгэл эрхлэн гаргах журам, редакцын зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай танилцуулж, хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу судалгаа хийхээр болов.
7.Шүүгчээс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ