Шүүхийн ерөнхий зөвлөл болон Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны нэгдсэн хүрээлэнтэй хамтран ажиллах албан ёсны уулзалт 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр боллоо.
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн О.Жанчивнямбуу, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, Япон Улсын Хууль зүйн яамны Сургалт, судалгааны нэгдсэн хүрээлэнгийн профессор Сасаки Кохэй, Окү Дайки, мөн хүрээлэнгийн Гадаад харилцааны газрын ажилтан Камия Тэцүо нар оролцлоо.


Уулзалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Монгол Улсад Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдах гэж байгаа талаар болон тус шүүхийн чиг үүрэг, онцлог, хүний нөөцийн бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.
Талууд Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд ажиллах гэр бүлийн мэргэжилтэн, сэтгэл зүйчийг сонгон шалгаруулах, сургагч багш бэлтгэх, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад хамруулах, мөн Япон Улсын энэ чиглэлийн туршлага, сайн жишгийг судлан нэвтрүүлэх асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Мөн уулзалтын төгсгөлд Япон Улсын Хууль зүйн яамны Сургалт, судалгааны нэгдсэн хүрээлэнгийн профессор Сасаки Кохэй Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд ажиллах мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг судалж, холбогдох саналыг уламжлан хоёр байгууллагын хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ