Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн захиргааны төв байгууллагын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх албан ёсны уулзалт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр боллоо.

 

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Г.Даваадорж, М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал, Бүгд Найрамдах Солонгос Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн Захиргааны төв байгууллагын Гадаад хамтын ажиллагаа хариуцсан Ерөнхий захирал Жан Жиён, Гадаад хамтын ажиллагаа хариуцсан Дэд захирал Ким Ин-сил, Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн Захиргааны төв байгууллагын Гадаад харилцааны хэлтсийн дэд захирал Жонг Чоль, Шүүхийн захиргааны ажилтны сургалтын хүрээлэнгийн Гадаад харилцаа хариуцсан ажилтан Ли Санг-ун, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Hope Travel” олон улсын сайн дурын бүлгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Чонжу дүүргийн шүүх Ким Ён-гак нар оролцлоо.

 

 

 

Уулзалтаар талууд Монгол Улсын шүүхийн захиргааны ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага судлах, сургалт зохион байгуулах чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хэлэлцсэн. Мөн хоёр байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах боломж, түүний хамрах хүрээний талаар санал солилцлоо.

 

Үүнээс гадна Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-д төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх хүсэлт хүргүүлэх болон цаашид нэн тэргүүнд шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг эрэмбэлэн, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нарийвчлан хэлэлцэхээр харилцан тохиролцов.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ