“Нээлттэй нийгэм форум” болон “Оюуны инновац” ТББ-ын төлөөлөгчид Шүүхийн ерөнхий зөвлөлд зочилж, “Монгол Улсын Шүүхийн индекс 2025” судалгааны гурав дахь удаагийн тайланг албан ёсоор танилцууллаа.
Тус арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Ч.Баянжаргал, Г.Даваадорж, О.Жанчивнямбуу, М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал, С.Энхбаатар, Х.Эрдэм-Ундрах, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Ажлын албаны нэгжийн удирдлагууд болон 60 гаруй албан хаагчид биечлэн оролцсон бөгөөд нийслэл, орон нутгийн шүүхийн 400 гаруй шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд цахим хэлбэрээр хамрагдав.

“Нээлттэй нийгэм форум”-ын санаачилгаар 2021 оноос хойш хоёр жил тутам хэрэгжүүлж буй энэхүү судалгаа нь шүүхийн статистик мэдээлэл, олон нийтийн болон хууль зүйн салбарын мэргэжилтнүүдийн үнэлгээ, санал бодолд үндэслэн шүүх эрх мэдлийн түвшинг цогцоор нь тодорхойлдог юм.
Судалгааны үр дүнгээр Монгол Улсын шүүхийн нэгдсэн индекс 2025 онд 100 онооноос 57.33 болж үнэлэгджээ. 2021 онд 51.94 оноо, 2023 онд 53.22 оноо авч байсан бол 2025 онд өмнөх үнэлгээнээс даруй 4.11 оноогоор ахисан үзүүлэлттэй байна.
“Оюуны инновац” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Төрболд “Шүүхийн индексийн нэгдсэн оноо нь шүүхийн нээлттэй, ил тод байдал, шүүгчийн ёс зүй ба хариуцлага, шүүхэд итгэх олон нийтийн итгэл, шүүхийн эрх хэмжээ, бие даасан байдал, шүүхийн үр ашигтай ажиллагаа, шүүхийн дэд бүтэц, нөөц гэсэн үндсэн 6 хэмжигдэхүүн түүнээс улбаалсан 42 дэд хэмжигдэхүүн тэдгээрийг илэрхийлэх 111 шалгуур үзүүлэлтэд үндэслэн гардаг. Энэ удаагийн өгөгдлийг 21 аймаг 330 сум, нийслэлээс түүврийн аргаар 2000 гаруй иргэний санаа бодлын асуулга, 500 гаруй хуульч, мэргэжилтний үнэлгээ болон шүүхийн захиргааны мэдээлэл гэсэн гурван эх сурвалжийн шүүхийн үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ, санал бодолд үндэслэн боловсруулан гаргасан”-ыг танилцууллаа.

“Нээлттэй нийгэм форум”-ын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа “2025 оны судалгааны үр дүнгээс үзэхэд үндсэн 6 хэмжигдэхүүн тус бүрээр өсөлт ажиглагдсаныг дурдав. Үүнээс шүүхийн бие даасан хараат бус байдал, шүүхэд итгэх итгэл, шүүхийн нөөц, дэд бүтэц зэрэг үзүүлэлт мэдэгдэхүйц өссөн нь нэгдсэн оноо ахихад голлон нөлөөлжээ. “Шүүхийн дэд бүтэц, нөөц” хэмжигдэхүүн (2023 онд хамгийн бага буюу 43.18 оноотой байсан) 2025 онд 50.41 оноо авч, 7.23 оноогоор, “Шүүхэд итгэх олон нийтийн итгэл” хэмжигдэхүүн (2023 онд 48.40 болж буурч байсан) 2025 онд 55.73 оноо авч, даруй 7.33 оноогоор тус тус өссөн”-ийг тодотгов.

“Шүүхийн индекс-2025” судалгааны тайлан танилцуулсны дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд “Нээлттэй нийгэм форум” болон “Оюуны инновац” ТББ-ын төлөөллөөс шүүхийн индексийн өмнөх онуудаас өссөн болон буурсан үзүүлэлтүүдээр асуулт асууж хариулт авсан юм.

Шүүхийн индекс судалгааг “Нээлттэй нийгэм форум”-ын санхүүжилт, санаачилгаар “Оюуны-Инновац” ТББ, Тунгаахуй өгөгдлийн студи болон "MMCG" компани хамтран судалгааны өгөгдөл, мэдээллийг цуглуулж, боловсруулах ажлыг хариуцан гүйцэтгэжээ.

Монгол Улсын Шүүхийн индексийн 2025 оны гурав дахь удаагийн дэлгэрэнгүй тайлантай дараах холбоосоор орж танилцах боломжтой.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ