Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д дараах үндэслэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төсөлд санал авахаар шийдвэрлэлээ.

 

            1. Анхан болон давж заалдах шатны зарим шүүхэд хүний нөөц дутмаг, шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч тухайн орон тоог сонгодоггүй, шүүгч шилжүүлэн томилуулах, сэлгэн ажиллуулах зарын дагуу хүсэлт ирэхгүй байгаатай холбогдуулан шүүгчийн орон тоог тухайлан нэр зааж зарлан сонгон шалгаруулалтыг зохион байгуулах эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгав.

 

            2. Төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах зарчмыг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг хүртэгч этгээдээс үйлчилгээний бодит зардлыг авах замаар санхүүгийн ачааллыг бууруулахаар шалгалтын үйлчилгээний зардалтай байх зохицуулалтыг нэмж тусгав. Шалгалтын үйлчилгээний зардлыг хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор тогтоож, нарийвчилсан харилцааг “Шүүгчийг сонгон шалгаруулах аргачлал”-аар зохицуулах юм.

 

            3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт нэр дэвшигчийн бүрдүүлэх “хөдөлмөр эрхлэлтийн талаарх баримт” гэснийг тодорхой болгож, ажилд томилсон, чөлөөлсөн тушаалыг нэр дэвшигч бүрдүүлэхээр нэмж тусгасан юм. Ингэснээр нэр дэвшигчийн хуульчаар ажилласан жилийг илүү бодитой тогтоох нөхцөл бүрдэнэ.

 

            4. Мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулгад нэр дэвшигчийн үнэнч, шударга, ёс зүйтэй байдлыг шалгах зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх асуудалд эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж хэрэгсэхгүй болгосон, өршөөлд хамрагдсан шийдвэрийн талаар нэмэх, мөн өмнө нь зөрчлийн хариуцлага хүлээж байсан эсэх асуудалд сахилгын зөрчил хүлээж байсан эсэхийг нэмж нэр дэвшигчээр бөглүүлэн авах байдлаар журмын төсөлд тусгалаа.

 

        5. Журмын дээрх нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан журмын бусад холбогдох заалтад өөрчлөлт оруулахаар, мөн журмын 5.1.1.1-д өөрчлөлт орсонтой холбогдуулан 5.4.6-г хүчингүй болгохоор төсөлд тусгав.

 

        “Шүүгчийн тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу олон нийтэд мэдээлж, санал авч байна.

 

       Та журмын төсөлд холбогдох саналаа 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор [email protected] и-мэйлээр ирүүлэхийг хүсье.

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ