Европын Холбооны санхүүжилтээр Шүүхийн ерөнхий зөвлөл, “Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага” (IDLO)- тай хамтран хэрэгжүүлсэн “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” (2024-2026) төслийн хаалтын арга хэмжээ 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр болж, төслийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын ололт амжилтаа дүгнэн, цаашдын тогтвортой байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Арга хэмжээг нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, төслийн Удирдах зөвлөлийг хамтран даргалагч П.Золзаяа “Төслийн хүрээнд шүүхийн байгууллагын нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх, шүүх, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг бодитойгоор өргөжүүлэн ажиллалаа. Мөн цаашид шүүхийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй болгох, шүүхийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд илүү ойлгомжтой хүргэх ажлын үндэс суурийг тавьж чадлаа” хэмээн онцлов.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, төслийн Удирдах зөвлөлийг хамтран даргалагч Ина Марчюлёните “Энэхүү төсөл нь шүүхийн байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагууд нэг зорилгын төлөө хамтран ажиллахад ямар үр дүнд хүрч болохыг харууллаа. Бид 2024 онд тус төслийг эхлүүлэхдээ олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, шүүх салбарын талаарх мэдээллийг илүү өргөн хүрээнд түгээх, шүүхийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах тухай ярьж байсан. Харин өнөөдөр энэ ажлууд бодит үр дүнд хүрснийг харахад таатай байна. Европын Холбоо энэхүү үйл ажиллагааг дэмжсэндээ бахархаж байна.” гэж тэмдэглэлээ.

Олон Улсын Эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болланд “Тус төсөл нь Монгол Улсын шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгодоо хүрч чадсанд бид баяртай байна. Энэхүү үр дүнд шүүхийн байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлсэн нь чухал үүрэг гүйцэтгэсэн” талаар дурдав.

Төслийн хүрээнд гарсан үр дүнгийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал, Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дарга Д.Мөнхзориг, Шүүхийн академийн Мэдээллийн төвийн дарга С.Насанжаргал, Хэвлэл мэдээллийн зөвлөл ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа нар шүүх хэвлэл мэдээлэлтэй харилцах сайн туршлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
.jpg)
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал “Төслийн хүрээнд суурь судалгаа хийж, олон улсын туршлага судлан, шүүхийн байранд эрх зүйн хөтчийн үйл ажиллагааг 4 шүүхэд туршин хэрэгжүүлж, нийт 6,462 иргэнд үйлчилгээ үзүүлсэн нь иргэн төвтэй шүүхийн үйлчилгээний бодит үр нөлөөг харуулсан.
“Шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой бичих арга зүй” гарын авлага нь шүүхийн шийдвэр, процесс, шүүхийн мэдээг иргэдэд энгийн, хүртээмжтэй хэлбэрээр хүргэхэд туслах шүүгч, шүүгчийн туслах, шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтнүүдийн ширээний ном болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцлов.

“Шүүх иргэний нийгмийн байгууллагатай харилцах сайн туршлага” сэдвээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Зохион байгуулалтын хэлтсийн дарга И.Энхцэцэг, Глоб интернэйшэл төв ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Онон, Оюуны Инновац ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Төрболд, Хил хязгааргүй алхам ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Баярсайхан нар хэлэлцэв.
.jpg)
“Оюуны инновац” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Төрболд: “Монгол Улсад шүүх эрх мэдлийн шинэтгэл тууштай бөгөөд тасралтгүй өрнөж байна. Энэхүү цогц шинэчлэлийн хамгийн том ололтын нэг нь шүүхийн бүх шатны шийдвэрийг ”www.shuukh.mn” цахим санд нээлттэй байршуулж, иргэдийн хяналтыг баталгаажуулсан явдал юм. Өнөөдөр манай энэхүү цахим шилжилтийн туршлагыг Европын Холбооны улс орнууд анхааралтай судалж, өөрийн орны шүүхийн системд нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа нь Монгол Улсын шүүхийн шинэтгэл зөв голдирлоор явж буйн илрэл билээ. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг ийнхүү эрчимжүүлж, бодит үр дүнд хүргэхэд “Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага” (IDLO)-ын хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд үнэтэй хувь нэмэр оруулсан" гэж онцлон тэмдэглэв.

Өнөөдрийн арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ч.Баянжаргал, М.Мөнхдаваа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, “Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага” (IDLO)-ын Хөтөлбөрийн удирдагч Н.Одонтуяа, Төслийн зохицуулагч Б.Баясгалан, Улсын дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн академи, “Монголын хуульчдын холбоо” ТББ, “Глоб Интернэшнл” төв, ”Оюуны инновац” ТББ, “Хил хязгааргүй алхам” ТББ, “Хэвлэлийн хүрээлэн”, “Хэвлэл мэдээллийн зөвлөл”-ийн төлөөлөл оролцов.

.jpg)

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР,
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ