Шүүхийн ерөнхий зөвлөл, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Хууль бус хөрөнгийг тогтоох, хураах, кибер болон эдийн засгийн гэмт хэргийн зүйлчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн, хууль зүйн ухааны доктор Х.Эрдэм-Ундрах, Ханнс-Зайделийн сангийн Эрх зүйн хөтөлбөрийн зохицуулагч С.Амармэнд, Нийслэл дэх Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчид оролцов.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ авлига, албан тушаалын болон эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийгэм, эдийн засагт учруулж буй хор уршиг маш их, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг нь нэг улсад төдийгүй үндэстэн дамнаж үйлдэгдэх нь түгээмэл болсон тул улс орнууд хамтран ажиллах, харилцан туршлага солилцох нь өндөр ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

 

 

Тус хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр ХБНГУ-ын Бавари мужийн „Мөнгө угаахтай тэмцэх, хууль бус хөрөнгө хураах төв байгууллага”-ын (ZGV) дарга, Ерөнхий прокурор хатагтай Хильдегард Боймлер-Хёсл, хэлэлцүүлэгчээр Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтулга нар уригдан оролцлоо.

 

 

ХБНГУ-ын Эрүүгийн хуульд 2017 онд хууль бус хөрөнгийг хураах чиглэлээр реформын шинжтэй томоохон өөрчлөлтийг хийсэн бөгөөд улсын орлогод хураан авсан хууль бус хөрөнгийн хэмжээ илтэд нэмэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн энэхүү шинэчлэлтийн гол зарчим нь гэмт хэрэг үйлдсэн хүн рүү биш хууль бус хөрөнгийг олж тогтоох, хууль бусаар олсон шууд ба шууд бус бүх хөрөнгө, орлогыг бүрэн хураах замаар гэмт хэрэг үйлдэх эдийн засгийн хөшүүргийг үндсээр нь устгах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн байна. Гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлсэн эсэхээс үл хамааран хууль бус эх үүсвэртэй болохыг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон бол хөрөнгө, орлогыг хураан авах тус эрх зүйн шинэчлэл үр дүнгээ өгч буй талаар Бавари мужийн Мөнгө угаахтай тэмцэх, хууль бус хөрөнгө хураах төв байгууллагын (ZGV) дарга, Ерөнхий прокурор хатагта Х.Боймлер-Хёсл илтгэлдээ онцлон тэмдэглэсэн юм. Мөн нарийн төвөгтэй хэргийн мөрөөр хууль бус хөрөнгийг олж тогтоох, хураан авах ажиллагааг зөвхөн мэргэшсэн, төрөлжсөн прокурор, шүүгч хариуцдаг нь үр дүнг хурдасгадаг талаар танилцууллаа.

 

 

Хэлэлцүүлгийн явцад оролцогч шүүгчид  Германы хууль бус хөрөнгө хураах тогтолцооны зарчим, хууль, эрх зүйн орчин, хуулийн хэрэгжилтийг хангах механизмын талаар Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулан, шүүхийн практикт нутагшуулах боломж, шүүх, прокурорын болон бусад байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замын талаар асуулт, хариулт өрнүүлж, чөлөөт ярилцлага хийлээ. Хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, хууль зүйн ухааны доктор Х.Эрдэм-Ундрах дүгнэж хаав.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ