Дорнод аймагт өнөөдөр (2026.05.19) олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шүүхийн шинэ барилгын шав тавих ёслолын арга хэмжээ боллоо.

 

 

 

Шав тавих үйл ажиллагаанд УИХ гишүүн М.Бадамсүрэн Л.Соронзонболд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ч.Баянжаргал, О.Жанчивнямбуу, Дорнод аймгийн засаг дарга Ш.Ёл, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Цолмон, Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал, Дорнод аймаг дахь шүүх, шүүхийн Тамгын газрын удирдлагууд оролцов.

 

 

Дорнод аймгийн шүүхийн барилга нь анх 1976 онд хүүхдийн дотуур байрны зориулалтаар ашиглалтад орж байсан бөгөөд зориулалтын бус, өрөө танхим хүрэлцээгүй, шүүхийн барилгын орчин үеийн шаардлага, стандартад нийцэхгүй барилга юм.

 

 

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 88 шүүх, 40 шүүхийн Тамгын газар 40 байршилд үйл ажиллагаа явуулж байгаагаас 13 шүүх, 5 шүүхийн Тамгын газар өөрийн гэсэн байргүй тул түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Бусад шүүхийн Тамгын газар нь өөрийн эзэмшлийн байртай боловч тухайн барилгууд нь шүүхийн зориулалтаар баригдаагүй банкны, цэргийн ангийн, дотуур байрны, зах худалдааны төвийн болон бусад зориулалтаар баригдсан шүүхийн стандартад нийцэхгүй барилга байгууламжид байрлаж буй нь шүүхийн үйлчилгээ авч байгаа иргэдэд хүндрэл учруулсаар ирсэн.

 

 

Дорнод аймагт шинээр баригдах шүүхийн байр нь нийт 3894 м.кв талбай бүхий зоорьтой 5 давхар байх бөгөөд 4 шүүх хурлын танхим, цахим шүүх хурлын өрөө, нээлттэй шүүх танхим, 13 шүүгчийн өрөө, шүүхийн тамгын газрын ажилчдын 11 өрөө, сургалтын танхим, номын сан, хүүхэд тусгаарлах өрөө, хэргийн материалтай танилцах өрөө, эд мөрийн баримт хадгалах өрөө, эвлэрүүлэн зуучлалын хурлын өрөө, түр саатуулах өрөө болон 8 авто машины зогсоолтой байх юм.

 

 

Мөн шүүгч болон шүүхийн захиргааны ажилчид, иргэд үйлчлүүлэх орц гарц тусдаа байх архитектур төлөвлөлт нь шүүхийн аюулгүй ажиллагаа, шүүгчийн хараат бус байдлыг хангахад чиглэсэн шүүхийн үйл ажиллагааны стандартад нийцсэн шийдэл билээ.

 

 

Барилгын нийт төсөвт өртөг нь 13,2 тэрбум төгрөг бөгөөд гүйцэтгэгчээр “Сүхжин” ХХК шалгарч 2027 оны 10 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээ байгуулан ажлаа эхлүүлж байна.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ