Монгол Улсын Их Хурлын 2025 оны 67 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэхэд оролцогч байгууллагуудын мэдээллийн системийн нөхцөл байдлыг үнэлэх, харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх техникийн шийдэл болон холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн анхны нэгдсэн хуралдаан өнөөдөр (2026.05.18) Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан тус Ажлын хэсгийн дэд даргаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж ажиллаж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлагдсан Дэд ажлын хэсгийн ахлагчаар /тус тус зөвшилцсөнөөр/ мөн ажиллаж байна.

Хуралдааныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж нээж, удирдан явуулсан бөгөөд тэрбээр нээлтийн үеэр “Цахимжилт бол зөвхөн программ хангамжийн асуудал гэхээс илүү байгууллага, институт хоорондын итгэлцлийн шинэ хэлбэр” болохыг онцлон тэмдэглэлээ.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өнөөгийн бодит нөхцөл байдал, байгууллагууд хоорондын мэдээллийн урсгал, давхар бүртгэл, гар ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдал, хүний эрхийн асуудлыг хөндөн, цаашид байгууллагууд хоорондоо аюулгүйгээр мэдээлэл солилцдог, уялдаа холбоотой ажилладаг орчныг бүрдүүлэх нь энэхүү ажлын гол зорилго болохыг дурдав.

Хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Цагдаагийн ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, “И-Монгол академи” УТҮГ, “Үндэсний дата төв” УТҮГ болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцож, байгууллагуудын цахим системийн өнөөгийн нөхцөл байдал, мэдээлэл солилцох боломж, техникийн шийдэл, кибер аюулгүй байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Тус ажлын хэсэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх, байгууллагуудын мэдээллийн системийн уялдаа холбоог хангах, мэдээлэл солилцооны нэгдсэн архитектур, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллах юм.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ