Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” (2025–2030) төслийн Удирдах хорооны II хуралдаан 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр боллоо.
Хуралдааныг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Жан-Стефан Күтюр, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Чарльз Болланд нар нээж үг хэлэв. Мөн Канад улсын Гадаад хэргийн яамны Монгол болон Номхон далайн орнуудын Хөгжлийн хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Марун Абу Файсал төслийн Удирдах хорооны шинэчилсэн бүрэлдэхүүн болон тус хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулав.

Хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Жанчивнямбуу оролцож Канад Улсын Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн тогтолцоо, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн барилга байгууламжийн онцлог зэрэг сайн туршлагыг Монгол Улсад шинэ тутам байгуулагдаж буй Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаанд авч хэрэгжүүлэх, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар мэдээлэл хийж, төслийг хэрэгжүүлж буй байгууллагуудад талархал илэрхийллээ.

Энэ төслийн зорилго нь Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэл тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд Засгийн газар, хууль сахиулах, шүүх эрх мэдэл болон иргэний нийгмийн байгууллагуудын тусламж үйлчилгээнд хохирогч төвтэй хандлагыг төлөвшүүлж, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэх юм.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ