Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар:  

 

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайханыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр,  

 

2. Зарим анхан шатны шүүхийн шүүгчийн нийт 5 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлахаар,  

 

3. Монгол Улсын цол, одон, медалиар шагнуулах шаардлагыг хангасан шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, ахмад шүүгч, ажилтны жагсаалт, мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр,

 

4. Нэр бүхий шүүгчдийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоож, тус тус шийдвэрлэв.

 

5. Мөн “Зарим шүүхийн Тамгын газарт архивын хэрэг баримт дутсан тухай” хэлэлцэж, 2 шүүхийн архивын баримтын хадгалалтыг дахин шалгаж,  мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж, үр дүнг танилцуулах хугацаатай үүрэг өгөв.

 

6. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны хөрөнгө оруулалтын төсвөөр хэрэгжүүлэх шүүхийн барилга угсралт, тоног төхөөрөмжийн төсөл, урсгал зардлын төсвийн хуваарилалт, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон 2027 оны хөрөнгө оруулалтын төслийн урьдчилсан үнэлгээнд оруулсан төлөвлөгөөг танилцуулав.

 

7. “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна.” гэж заасны дагуу санал авахаар тогтов.

 

8. Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийг томилж, тус шүүхийн нийт 20 шүүгчийн туслах, 6 бичиг хүргэгчийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд сэлгэн ажиллуулах, шүүх хуралдааны шууд дамжуулалтын тоног төхөөрөмжийг тус шүүхэд хүлээлгэн өгөхийг тус тус үүрэг болгов.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ