Шүүхийн байгууллагын цахим шинэчлэлийг эрчимжүүлж, мэдээллийн дэд бүтцийн найдвартай ажиллагаа, мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хангах, кибер орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд 2025 оны 08 дугаар сарын 04-ны өдрөөс 08-ны өдрүүдэд “Кибер аюулгүй байдал” сэдэвт мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулна.
Сургалтад Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Тамгын газрын мэдээллийн технологи хариуцсан зарим мэргэжилтнүүд оролцоно.
Тус сургалт нь Монголын Хуульчдын холбоо болон АНУ-ын Элчин сайдын яамны хамтран хэрэгжүүлж буй “Фулбрайт” хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн судлаач, доктор Divine Sufor Anye-ийн удирдлага дор зохион байгуулагдах бөгөөд онол, практик хосолсон, лабораторийн орчныг бүрдүүлсэн онцлогтой сургалт болно.
Шүүхийн ерөнхий зөвлөл сургалтыг зохион байгуулах орчны бэлтгэл, техник, технологийн нөхцөлийг бүрдүүлж, бодит тохиолдол (real-case), симуляци, интерактив аргачлалын үндсэн дээр мэдээллийн сүлжээний аюулгүй байдал, кибер халдлагын эрсдэлийг бууруулах, мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.
Цахим дэд бүтцийн тогтвортой ажиллагаа, хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал, мэдээлэл солилцооны нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмж-ийг хангах нь шүүхийн үйл ажиллагааны төлөвлөлт, тасралтгүй байдлыг баталгаажуулах үндсэн нөхцөл бөгөөд энэхүү сургалт нь шүүхийн цахим шилжилтийн стратегийг хэрэгжүүлэхэд бодит үр нөлөө үзүүлнэ.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
ЦАХИМ ХӨГЖИЛ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР