Шүүхийн ахмадуудын холбооны гуравдугаар их хурал өнөөдөр (2024.12.12) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болов.

      Хуралд Шүүхийн ахмадуудын холбооны тэргүүн, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж, удирдах зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Д.Дамдин-Од, Д.Гансүх, Д.Тайванхүү, Б.Нарантуяа, Б.Бямбахорол болон бусад салбар зөвлөлийн дарга, гишүүд нийт 90 гаруй ахмад оролцлоо.

 

 

      Хуралд оролцож буй ахмадуудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг, гишүүн Э.Зоригтбаатар, Д.Зүмбэрэллхам, Р.Онончимэг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга болон бусад албаны хүмүүс хүндэтгэл үзүүлэв.

      Гуравдугаар их хурлыг нээж Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж хэлсэн үгэндээ Ажлын туршлага гэдэг хэлж ирдэг зүйл биш, ажлын туршлагыг олж авдаг. Иймд Шүүхийн ахмадууд бид шүүхтэй ажил амьдралаа холбон яваа ирээдүй хойч, залуу үеийнхэндээ ажлын туршлагаасаа хуваалцаж, тэднийг өмөөрч, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах нь зүйтэйг цохон тэмдэглэлээ.

 

 

      Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ Шүүхийн ахмадын Холбоо өнгөрсөн 7 жилийн хугацаанд олон ажлыг зохион байгуулснаас хуулийн байгууллагуудтай хамтран шүүх хуралдаанд ажиглагчаар оролцон, ахмад шүүгчид залуу үедээ сургаал туршлагаар үлгэрлэн шүүхийн ажиллагааг иргэд олон нийтэд таниулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгааг бид сайшааж байна. Амьдралынхаа алтан үе идэр залуу нас, бие сэтгэл бүх зүйлээ энэ байгууллагад зориулж, шүүхийн төлөө хичээн зүтгэж өнөөдрийн түвшинд хүргэхэд үе үеийн эрхэм хүндэт ахмад шүүгчид, мэргэшсэн захиргаа, үйлчилгээний ажилтнууд та бүхэн маань шүүхийн байгууллагын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан  өнгөрсөн цаг хугацааг бүтээлцсэн гавьяатнууд билээ гэдгийг тодотгов.

      Ахмад шүүгч, ажилтнууд, дэмжигчдийг эгнээндээ нэгтгэн тэдний нийтлэг эрх, ашиг сонирхлыг төлөөлж Ахмад настны тухай хууль тогтоомжийн хүрээнд ахмад настны хөдөлмөр эрхлэлт, хөгжил, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, хамт олны нэгдмэл санал санаачилга, зөвлөмж, эрэлт хүсэлтийг нь төрийн болон шүүхийн захиргааны төв байгууллагад уламжлан тэдний эргэх холбоог хангах, ахмад настанд дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон аливаа асуудалд гар бие оролцон Шүүхийн ахмадын холбооныхоо эрхэм зорилгыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж буй ахмадууд та бүхэндээ Монголын шүүхийн ахмадын холбооны 3 дугаар Их хурлаа хийж буй энэ өдөрт халуун баяр хүргэж, эрүүл энх амар амгалан амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье гэв.

 

 

      Их хурлын төлөөлөгчдөд Шүүхийн ахмадуудын холбооны 2022-2024 оны үйл ажиллагааны тайлан, Хяналтын зөвлөлийн тайланг тус тус танилцуулж, Холбооны дүрмийн шинэчилсэн найруулга болон цаашдын зохион байгуулалтын асуудлаа хэлэлцлээ.

      Ахмадуудын гуравдугаар их хурлын үеэр зарим ахмадууд төрийн дээд одон медалиар шагнагдлаа.

 

 

 

 

Мэдээллийн төв