Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр (2024.10.17) болж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба, анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын төрийн захиргааны албан тушаалын чиг үүргийг "Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого"-ын 5.2.1-т зааснаар тодорхойлов.
Шүүхийн үйл ажиллагаанд 1986-2024 он хүртэлх хугацаанд нэвтрүүлсэн системийн бүх бүрдлийг “Цахим шүүх 1.0”, 2025 оноос шинээр нэвтрүүлэх шүүхийн цахим шийдлийн энтерпрайз архитектурын зөөлөн дэд бүтцийн цахим системийн бүрдлийг “Цахим шүүх 2.0”, цахим хаягийг “e-court.mn” гэж нэршлийг баталлаа.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.7 дахь заалтад заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох саналыг, мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигч Э.Намжилцэрэнг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн эрэмбийн дарааллыг баримтлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг шинэчлэн батлах саналын танилцуулгыг хэлэлцэж, Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбогдуулан өөрчлөн зохион байгуулагдсан буюу харьяалан ажиллах нутаг дэвсгэрийн нэгж нь өөрчлөгдсөн шүүх дэх иргэдийн төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг шинээр бүрдүүлж, батлах ажлыг зохион байгуулахыг Ажлын албанд чиглэл болгов.
Хэвлэл мэдээллийн хэлтэс