2021 он: Хүүхдийн өрөөгүй ШҮҮХ хүүхдийн ЭРХ зөрчиж байгаа асуудлыг хөндсөн сурвалжилгыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрнаас бэлтгэж байв.

 

2022 он: Тухайн үеийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаатай ярилцаж байлаа. Тэрбээр “Шүүх бүх хөрөнгө оруулалтаас орхигдчихдог байгууллага болсон. Монгол Улсын зургаан шүүх жилд 575 сая төгрөгөөр байр түрээсэлж байна” хэмээж байв.

 

2023 он: Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Р.Онончимэгийг дөнгөж л ажлаа аваад байхад нь одоогоос жилийн өмнөхөн уулзсан юм. Тухайн үед “Шүүх маш ядуу салбар юм, санхүүжилт маш хэцүү. 110 жилийн түүхтэй байгууллага орох оронгүй л сууж байна” хэмээж байсан юм.

 

2024 он: Шүүх төсөвгүй хэвээр, гурван дүүргийн шүүх нэг барилгад чихцэлдэж, хүүхдийн өрөө гаргах булан ч байхгүйгээс хүүхдийн эрх зөрчигдсөөр л байна. Энэ зөвхөн шүүхийн асуудал биш шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн ч эрх, ашигтай хамаатай. Иргэдэд шүүхийн үйлчилгээ авахаар ирээд интернетэд холбогдчихдог, тодорхойлолтоо хэвлээд гаргачихдаг, ариун цэврийн өрөө ашиглачихдаг, кофе уучихдаг энгийн л стандарттай байраар үйлчлүүлэх хэрэгцээ бий. Гэтэл өнөөдөр шүүхийн байрнуудын нөхцөл үнэндээ л хүнд.

 

Гэхдээ сайн мэдээ дуулдлаа. Монгол Улсын шүүхийг хөгжүүлэх, 766 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 10 жилийн турш хэрэгжүүлэх хөгжлийн бодлогыг боловсруулж, баталжээ.

 

10 ЖИЛ, 766 ТЭРБУМ ТӨГРӨГ

 

 

Шүүхэд зөвхөн байр, сууцны хүрэлцээгүйн асуудал бий юм биш. Өөр олон асуудал байгааг ярьж, шүүмжилж байгаа. Эдгээр асуудлыг шийдэх цэгцтэй, цогц бодлого гаргаж ирэхгүйгээр “Болохгүй байна” гэж шүүмжлэхийг хэн ч чадна. Асуудлыг шийдэхэд системээ, хууль тогтоомжоо, салбараа бүхэлд нь том зургаар нь харах мэдлэг, ур чадвар чухал. Тэгэхээр шүүхийн асуудлыг цогц байдлаар судалсан.

 

Судалгаанд үндэслэн Монгол Улсын шүүх 10 жилийн дараа хаана очсон байх, хараат бус байдал яаж баталгаажин хангагдсан байх вэ гэдгийг тодорхой зорилго, хэрэгжүүлэх арга хэрэгсэлтэйгээр, санхүүтэйгээр, шүүгчийн чадавхыг сайжруулах зорилго, зорилтыг тодорхойлж “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого" болгон зангиджээ.

 

Шүүхийн хараат бус байдал, шүүгчийн ур чадвар, мэдлэгийг хэрхэн нэмэгдүүлэх, өнөөх шийдэгддэггүй төсөв, багтдаггүй байшин гээд олон асуудлын шийдэл энэ бодлогод бий. Гэхдээ энэ бичиг, баримт Монгол Улсын шүүхийн салбарт шинэ тутам зүйл биш. 2000 онд “Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө”-г боловсруулан УИХ-аар батлуулжээ.

 

Энэ баримт бичиг үр дүнгээ өгч байна уу, үгүй юу гэдэгт таван жилийн дараа Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид тэргүүтэй хуульч, шүүгчид судалгаа хийж, тайлан гаргажээ. Үүний дараа хоёр удаа тайлан шинжилгээ хийсэн бөгөөд дүнд нь үндэслэн 2022 оноос хөгжлийн бодлогыг шинэчлэн тодорхойлох ажил эхэлжээ.

 

Шүүх байгууллага 2000 оноос стратеги төлөвлөгөөтэй болсон ч төсөв санхүү байнгын дутагдалтай байж ирсэн. Сүүлийн 10 жилд  улсын төсөвт “шүүхийнх” гэх хөрөнгө оруулалтын зардал огт тавигдаагүй. Үүнээс улбаалан шүүн таслах ажиллагаа хэвийн явахгүй, хугацаа хэтрэлт ихтэй, иргэдэд чирэгдэл учруулж байв.

 

Энэ мэт хэрэгцээ шаардлагын улмаас Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шатны шүүх, Шүүхийн сахилгын хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын төлөөллийг оролцуулан “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-д тусгах саналыг боловсруулж, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Их Хуралд уламжилсан байна.

 

Тогтоолын төслийн 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсан. Ингээд Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө” илүү чамбайрч, Монгол Улс шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлоготой болжээ.

 

“ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ БЭХЖИХ БОЛОВ УУ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА, ГЭХДЭЭ ХАРЪЯ”

 

Энэхүү баримт, бичгийн ач холбогдлын талаар ШЕЗ-ийн дарга асан, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржоос тодрууллаа. Тэрбээр “Би ШЕЗ-д 6.6 жил ажиллахдаа сүүлийн 3 жилд нь энэ бодлогыг боловсруулах ажилд нэлээд идэвхтэй ажилласан. Баримт бичгийг өөрөө хариуцаад, ШЕЗ-ийн бие бүрэлдэхүүнтэй хамтран судалгаа ч хийсэн.

 

 

Хөгжлийн бодлогын баримт бичиг гэдэг бол ерөөсөө л бидний өмнө тулгамдсан асуудал юу вэ, дэлхий хэрхэн ажиллаж байна вэ, одоо бидний хийх ажил энэ юм байна гэдгийг тодорхойлох л юм. Өөрөөр хэлбэл, академик судалгааны ололтод тулгуурласан бодлогын шийдлүүдийг төлөвлөж, бодлого боловсруулах үйл ажиллагааг л хэлээд байгаа юм.

 

Шүүх өнөөдөр ямар байна, юу хэрэгтэй байна, юу болохгүй байна вэ гэдэгт академик судалгаа хийж нэгдсэн ойлголтод хүрээгүй бол дараагийн шатны буюу бодлогын баримт бичиг гаргах бололцоогүй. Тэгэхээр энэ бол бодлогын шийдлийн баримт бичиг гэж тодорхойлж болно.

 

Энэ бол шинэ бичиг, баримт биш, 2000 оны төлөвлөгөөг бид улам сайжруулсан. Тэгвэл онцлог нь 2000 оны баримт, бичиг бол донор орнуудын мэргэжилтний оролцоо өндөр байсан. Тэр үеийн шүүх судлалын академич мэдээлэл дутуу байсан. Тэгвэл өнөөдөр шүүх өөрийнхөө бодлого баримт бичгийг гаднын ямар нэг орны донороор, зөвлөхүүдийн дэмжлэггүйгээр бие дааж, анх удаа хийж байгаагаар онцлогтой. Шүүх судлал хөгжсөн, шүүхийн салбарынхан академич мэдлэгээ гүнзгийрүүлсэн, судалгаагаа хөгжүүлсэн, урагш ахисан байна. Үүний үр дүнд тулгуурлан хөгжлийн бодлогоо тодорхойлжээ.

 

Энэ баримт бичигт орсон хамгийн гол зүйл бол шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах. Тэр дундаа эдийн засгийн, улстөрийн хараат бус байдлыг хангаж хамгаалах талаар том зорилтууд орсон.

 

Шүүх өөрийнхөө бодлого баримт бичгийг гаднын ямар нэг орны донороор, зөвлөхүүдийн дэмжлэггүйгээр бие дааж, анх удаа хийж байгаагаар онцлогтой.

 

Засгийн газар, УИХ өөрийнхөө чиг үүргийг хэрэгжүүлэхгүй, өмнөх шигээ буюу миний ажиллаж байсан үеийнх шиг шүүх засаглалаа муу ажиллаж байна гээд харааж, загначхаад сууж байдаг биш ажиллах эрхзүйн орчин, улстөр, эдийн засгийн баталгаа, нөхцөлийг бүрдүүлээд явах юм бол энэ бодлого хэрэгжинэ. Гэхдээ хандлагын том өөрчлөлт гарчээ гэж хараад байгаа. Намайг ШЕЗ-ийн даргаар ажиллаж байхад шүүхтэй тэмцэх, үйл ажиллагааг нь саатуулах нь л тухайн парламентын ажил болсон мэт байсан нь үнэн.

 

Сүүлийн 10 гаруй жил улсын төсвийн хөрөнгийг гүйцэтгэх эрх мэдлийн салбар, яамдын сайд нар л өөр өөрийн салбарт хуваарилж ирсэн. Шүүхийн салбарт юу ч хийгээгүй. Ганц хөрөнгө оруулалт хийсэн нь Буянт-Ухаад байгаа дутуу баригдсан цогцолбор. Тэнд 9 тэрбумыг газарт булчхаад улсын төсвийн хөрөнгийг үнэгүйдүүлээд сууж байгаа шүү дээ. Энэ юутай холбоотой вэ гэхээр шүүх эрх мэдлийн салбарыг эдийн засгаар боомилж борцолсны тод жишээ.

 

Стратеги төлөвлөгөөг УИХ өөрөө батлаад, хөгжлийн бодлого төлөвлөлтийн дагуу ЗГ оролцож хийсэн учраас тэд хуулийн өмнө үүрэг хүлээсэн. Бас хандлагын өөрчлөлт ч гарсан бололтой. Тиймээс шүүхийн хараат бус байдал бэхэжчих болов уу гэж найдаж байна, гэхдээ харъя” гэв.

 

 

Харин ШЕЗ-ийн дарга Л.Энхбилэг “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогод Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Улсын дээд шүүх, түүний дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Шүүхийн сахилгын хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн туслалцааны төв, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагууд дангаар болон хамтран хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх олон ажлууд тусгагдсан байгаа.

 

Энэ чухал бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн бидний хамтын ажиллагаа энэ мөчөөс гараагаа эхэлж байна. Байнгын ажлын хэсгийг байгуулан ажиллуулахаар төлөвлөж байгаа” гэсэн юм.

 

7 ЗОРИЛГЫН ЦААНА

 

 

"Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого" нь 7 зорилго, 16 зорилт, 79 арга хэмжээ, 103 шалгуур үзүүлэлт бүхий баримт бичиг байна.

  • Зорилго 1: Шүүхэд мэдүүлэх иргэний эрхийг баталгаатай эдлүүлж, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлнэ.
  • Зорилго 2: Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлнэ.
  • Зорилго 3: Шүүх эрх мэдлийн байгууллагын захиргааны менежментийг орчин үеийн шаардлагад нийцүүлнэ.
  • Зорилго 4: Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тасралтгүй хөгжүүлнэ.
  • Зорилго 5: Шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
  • Зорилго 6: Шүүхийн үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлнэ.  Шүүхийг стандартын байр, барилга байгууламжаар үе шаттай хангана.
  • Зорилго 7: Хэрэг хянан шийдвэрлэхэд тохирсон, тогтвортой, урьдчилан тооцоолсон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлнэ гэж тусгажээ.

 

Эдгээр зорилго 10 жилийн хугацаанд бүрэн хэрэгжинэ гэж үзвэл Монгол одоо л нэг улсын дайтай шүүхтэй болох гэрэл гийж байна. Жишээ нь 6 дугаар зорилгод бичсэн Шүүхийн үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлнэ гэдэг товч тодорхойлолтыг задалбал “Хэргийн оролцогч, шүүхээр үйлчлүүлж байгаа аливаа этгээдэд шүүхийн байр, танхим, түүний орчин ээлтэй байх нөхцөлийг хангасан, шүүн таслах ажлын төрөл, онцлогт тохирсон шүүхийн байрны стандартыг тогтооно” гэжээ.

 

Мөн сонсгол, хараа, хэл ярианы бэрхшээлтэй хүн шүүхээр үйлчлүүлэх боломжийг  хангасан дэд бүтцийг бүрдүүлнэ.

 

Хамгийн чухал нь шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, хүлээлгийн танхимд хэрэг, маргааны оролцогч өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдааны аль ч үед ганцаарчлан ярилцах нөхцөл боломжийг бүрдүүлнэ гэсэн байна. Шүүхийн салбарынхны мөн ч их хүлээсэн, бараг л мөрөөдөл шахуу болоод байсан байр, сууцны асуудал одоо л нэг шийдэгдэх нь. Н.Лүндэндорж гуайн хэлснээр найдаж байна, гэхдээ харъя.

 

Шүүхийн хараат бус байдал гэж ер нь юу юм бэ?

 

 

“Хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж Үндсэн хуульд заасан байгаа. Шүүгч эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ зөвхөн хуульд л захирагдана. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцож болохгүй, шүүх эрх мэдлийг шүүх бүр бие даан хэрэгжүүлэх ёстой. Шүүхийн хараат бус байдал үүнд тогтоно.

 

Гэвч тодорхой шалтгаануудын улмаас хараат бус байдал алдагдах болсныг хаа, хаанаа ярьсаар байгаа. Тухайлбал, өнгөрсөн 30 жилийн хугацаанд шүүх эрх мэдлийн хууль эрх зүйн орчин, шүүхийн тогтолцоо зохион байгуулалт, шинэчлэгдэн өөрчлөгдөж ирсэн боловч шүүхийн бие даасан хараат бус байдлын суурь нөхцөл болсон шүүхийн эдийн засгийн баталгааг хангах ажил үндсэндээ орхигдож ирсэн.

 

Харин энэхүү хөгжлийн бодлогоор шүүхийн байгууллагад учирч байгаа эдийн засгийн баталгааны асуудал болон шүүгч хариуцлагатай, мэргэшсэн, чадварлаг байх, шүүхийн нээлттэй, ил тод байдлыг сайжруулах зэрэг асуудлыг цогцоор нь засаж иргэн төвтэй шүүх болох нөхцөлийг бүрдүүлэх аж.

 

Эх сурвалж: GoGo.mn